Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

“УДШ-ийн шүүгчээр томилогдох гэж байгаа Б.Амарбаясгалангийн нэр жилийн өмнө ирсэн”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
 

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ. 

Одоогоос жил гаруйн өмнө УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Б.Амарбаясгаланг томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид нэрийг нь хүргүүлжээ. Энэхүү томилгоог Ерөнхийлөгч УИХ-д танилцуулалгүй байсаар өнөөг хүрсэн байна. 

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр Б.Амарбаясгаланг томилуулахаар ШЕЗ-өөс жил гаруйн өмнө нэрийг нь ирүүлсэн. УДШ-ийн шүүгчийн орон тоонд өрсөлдсөн нэр дэвшигчдийн хоорондын маргаан шүүхээр эцэслэгдсэн учраас одоо л Б.Амарбаясгаланг УИХ-д танилцуулж байгаа юм” гэлээ. 

Ийнхүү Б.Амарбаясгаланг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар танилцуулснаар Ерөнхийлөгч түүнийг УИХ-д танилцуулж, батламжилна. 


УДШ-ийн шүүгчийн албан тушаалт нэр дэвшиж буй Б.Амарбаясгалангийн товч намтар

Нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй. Ам бүл 1. 

1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Оросын 2 дугаар дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна.Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байна.

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан.