Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монголын рейтинг өндөртэй улстөрчид

Б.Ану
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын сонгуулийг 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох хувилбараар явуулахаар хэлэлцэж эхлээд буй.

Тодруулбал, одоогийн 76 жижиг тойргийг 50 болгон бууруулна. Мөн нам болгон жагсаалтад 26 хүний нэр дэвшүүлж иргэд сонголт хийхдээ жагсаалтад байгаа нэр дэвшигчийг нэг том тойрог болж сонгох хувилбар юм.

Өмнө нь буюу 2012 оны УИХ-ын сонгуулиар монголчууд 26 тойргоор 48+28 холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байсан удаатай. 

Ингэхдээ өөрийн тойрогт нэр дэвшигчдээс оногдсон мандатын дагуу сонголтоо хийж мөн аль нэг намыг сонгодог байсан. Харин намууд жагсаалтад 28 нэр дэвшигчээ сойгоод байсан. 

Одоогийн яригдаж байгаа хувилбар нь иргэд өөрийн тойргийн болон улс даяар нэг том тойрогт нэр дэвшигчдээс 26-г нь сонгох юм.

Тэгвэл нэг том тойрогт буюу жагсаалтад орсон нэр дэвшигчдээс сонголт хийх нь аль намд ашигтай вэ гэдэг хувилбар яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд тойрог жижигсэх нь МАН-д ашигтай, хувь тэнцүүлсэн тогтолцоо нь АН-д ашигтай гэх яриа байдаг.

Гэхдээ энэ удаагийнх нь сонгогчид  УИХ-ын 26 гишүүнийг сонгохдоо дан нам бус нэр дэвшигчийг нь сонгох болоод буй.

Тиймээс энэ нь орон даяар нэр хүнд, рейтинг өндөр байгаа улстөрчдөд ашигтай юм. Нөгөө талд  26 хүнээс сонгох нээлттэй жагсаалт бүхий хувилбар нь харьцангуй популист улстөрчдөд ашигтай байхыг үгүйсгэхгүй гэж үзэх судлаачид байгааг хэлэх хэрэгтэй. 

Тэгвэл Монголд өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа хийж буй судалгааны байгууллагуудын хамгийн өндөр рейтингтэй улстөрчдийн асуулгын үр дүнгүүдийг танилцуулж байна. 

Нэг. Сант Маралын судалгаа

Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь Алтай аймгуудийн 1,200 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2019 оны 3-р сарын 20-с 4 сар 9-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав. Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжилсэн байна.

График 1: Сант Марал сангийн судалгаа, 2019.3-р сарын үзүүлэлт, улс даяарх рейтинг өндөртэй улстөрчид:

Хоёр.  Азийн сан, Сант Маралын хамтарсан судалгаа

Судалгааг Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын Засгийн газар болон Канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу. Судалгаанд 1,500 хүнийг хамруулсан.

График 2, Азийн сан, Сант Маралын хамтарсан судалгаа, 2019.3-р сарын үзүүлэлт, улс даяарх рейтинг өндөртэй улстөрчид:

Гурав. МЭК судалгааны байгууллага

Доорх судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 735 иргэнээс 2019 оны 9-р сарын 13-15-ний өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно. 

График 3, МЭК судалгааны байгууллага, 2019.9-р сарын үзүүлэлт, Улаанбаатар хотод рейтинг өндөр байгаа улстөрчдийн нэрс:

26 хүний нээлттэй жагсаалт бүхий хувилбар нь популист улстөрчдөд ашигтай гэж үзвэл дээрх судалгаануудад тэргүүлсэн улстөрчид популистууд мөн үү?

Монгол хэлний их тайлбар тольд популист гэдэг үгийг "Олон нийтийн санаа сэтгэлээр тоглох хүн, улс төрийн ажилтан (Нийгэмд популистууд олширвол гай чирнэ.)" гэж тайлбарласан байна.

Дүгнэлтийг уншигч танд үлдээе.