Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашин худалдах зориулалтын төв нь байхад хотын хүн амын төвлөрөлд саад болж, хууль бус үйл ажиллагаа явуулах хэрэггүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, НМХГ, ОУ-ын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн наймдугаар сард хийсэн шалгалтаар зөрчилтэй 62 иргэн, аж ахуйн нэгжид газраа зориулалтын дагуу ашиглах албан мэдэгдлийг хүргүүлсэн ч 46 нь одоог хүртэл зөрчлөө арилгаагүй байгаа аж.

"Автомашиныг зориулалтын бус газар, ил задгай худалдах нь хөрсний бохирдлоос эхлээд олон сөрөг нөлөө бий"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг хэлэхдээ “Өмчийн болон эзэмшлийн газраа зориулалтын бусаар ашиглаж, автомашин зарж байсан 31 иргэн, 15 аж ахуйн нэгжийн газрыг Газрын тухай хуулийн дагуу хүчингүй болгуулах саналыг нийслэлийн Засаг даргад албан бичгээр илгээсэн.

Өнөөдрийн байдлаар зөрчлөө арилгаагүй хоёр иргэн, гурван аж ахуйн нэгжийн өмчийн болон эзэмшлийн газрыг цуцалсан. Бусад нь шийдвэрлэх шатанд явж байна.

Автомашиныг зориулалтын бус газар ил задгай худалдах нь хөрсний бохирдлоос эхлээд олон сөрөг нөлөөг бий болгодог. Автомашин худалдах зориулалтын төв нь байхад хотын хүн амын төвлөрөлд саад болж, хууль бус үйл ажиллагаа явуулах хэрэггүй" гэв.

Мөн энэ долоо хоногт албан шаардлагын гүйцэтгэлийг дахин шалгах учир ААН-үүдийг зөрчлөө түргэн хугацаанд арилгахыг анхаарууллаа.

"Өмчийн газартаа зориулалтын бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд өмчлөх эрхийг нь цуцлах хүртэл авна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

НГЗБГ-ын Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж,байсан аж ахуйн нэгжүүдээс тавыг нь гэрээнд заасны дагуу ашиглаагүй, удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй учир Нийслэлийн Засаг даргын А/1098 захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

Хэрэв тухайн аж ахуйн нэгж, иргэд мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээг авч ажиллана.

Монгол Улсын иргэн зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй байдаг. Өмчийн газартаа зориулалтын бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, өмчлөх эрхийг нь цуцлах хүртэл авна" гэдгийг онцлов.

Зөвшөөрөлгүй захуудад биш манайд худалдаа явуулахад хүчин чадал маань хүрэлцэнэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

ОУ-ын худалдаа логистикийн төв ХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиад “Монгол Улсад автомашины худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй хоёрхон захын нэг нь ОУ-ын худалдаа логистикийн төв. Манай авто худалдааны цогцолбор 2014 онд НИТХ-ын 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 130 га талбайд байгуулагдсан.

Ингээд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд нийт 6,375 зогсоолтой одоогийн байдлаар 3,600 орчим машин л байна. Тиймээс зөвшөөрөлгүй захуудад биш манайд худалдаа явуулахад хүчин чадал маань хүрэлцэнэ.

Манай худалдааны цогцолбор руу цаг тутамд автобус явдаг бөгөөд автомашин худалдаж авах авах, шилжүүлэгтэй холбоотой бүх үйлчилгээ хийгддэг. Мөн өдрийн 2,000 төгрөгийн түрээстэй буюу зах зээлийн ханштай ижил түвшинд байдаг" гэлээ.