Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өрийн сүлжээнд баригдсан нийтийн тээврийн салбар эхнээсээ зогсолт хийхэд хүрч байна уу?

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг газан автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд гарах боломжгүй болсон гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

"Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 18 ААН-ийн 900 автобус явж байна.

Нийтийн тээвэрт явах боломжтой 80 гаазан автобус байгаа гэх мэдээллийг ААН-үүдээс өгсөн. UB METAN ХХК нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр хангаж ажилладаг" гэдгийг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэлсэн юм.

"Нийтийн тээврийн ААН-үүд их, бага хэмжээгээр манайд төлбөрийн үлдэгдэлтэй"

UB METAN ХХК-ийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 14 ААН-д байгалийн шатдаг хий нийлүүлдэг юм байна. Энэ талаар тус компанитай холбогдож тодруулахад "Өнөөдрийн байдлаар 60 орчим газан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж, манайхаас тогтмол газ авч байгаа. Монгол Улсад анх удаа байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Импорт татан авалт, төлбөрийн нөхцөл, тээвэр, дэд бүтэц гээд маш олон саад бэрхшээлүүдийг даван туулж байгаа бөгөөд 2018 оны сүүл гэхэд 100 орчим газан автобус тогтмол газ авдаг байсан.

Газны төлбөрийг бид дараа тооцоогоор хийдэг учраас Нийтийн тээврийн ААН-үүд их, бага хэмжээгээр манайд төлбөрийн үлдэгдэлтэй байдаг. Зарим ААН-ийн хувьд олон сараар төлбөрөө төлөхгүй тохиолдол гардаг учраас бид газ нийлүүлэхээ зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Төлбөрөө цаг хугацаандаа төлөөд явж компаниуд  ч бас байгаа.

Удаан хугацааны төлбөрийн үлдэгдэлтэй зарим ААН-үүдэд "Төлбөрөө төлнө үү" гэсэн шаардлага тавихаар "Улсаас санхүүжилт орж ирэхгүй байна" гэх тайлбарыг өгдөг. Гэтэл манай компани зөвхөн нийтийн тээврийн автобусны хэрэглэх байгалийн шатдаг хийг импортлодог учраас ААН-үүдийн төлбөр төлөлт манай хийний захиалгатай шууд хамааралтай. Захиалга болон татан авалтын эргэлт, хийний нөөцөд шууд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг болдог" гэлээ.

"Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ: Өмнөх жилүүдэд хуримтлагдсан өрийн асуудал яригдаж байгаа

Мөн "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-т шатахуун нийлүүлдэг "Сод Монгол" группээс шатахуун нийлүүлэлтээ 50 хувиар хязгаарлах болсон талаар мэдэгдлийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд гаргажээ.

 

Энэ талаар "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-аас тодруулахад ""Сод Монгол" группээс шатахуун нийлүүлэлтээ хязгаарлах талаар гаргасан гээд байгаа албан бичиг манайд ирээгүй байна. Шатахуун нийлүүлэлт хэвийн хийгдэж, гаралтын тоо ч хэвэндээ байгаа. Манайх 2018 оны тавдугаар сард байгуулагдсан. Одоо яригдаад байгаа өр төлбөрийн хувьд өмнөх жилүүдэд хуримтлагдсан өр" гэлээ.

Автобусны орлого өдөр бүр ААН-үүд рүү шилждэг

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан автобуснуудын машин цагийг тооцоолон 18 ААН-д сард дунджаар 2 тэрбум төгрөг олгодог байна.

Харин иргэдийн автобусанд зорчихдоо картаар төлсөн төлбөр/карт цэнэглэх нэгжүүдээс банк руу шилжүүлдэг/ ХХБ-ны нэг дансанд хуримтлагдаад, үүнээс "Улаанбаатар смарт карт" компани 9.9 хувийн шимтгэл авдаг байна. Уг шимтгэлийг гэрээт цэгүүдийн үйл ажиллагаа, сүлжээний зардал гэх мэтэд зарцуулдаг гэдгийг тус компанийн ахлах менежер Ц.Түвшинжаргал хэлсэн юм.

Ингээд үлдсэн мөнгийг өдөр бүр 18 ААН-рүү тухайн автобусаар үйлчлүүлсэн иргэдийн тоогоор хуваарилан шилжүүлдэг байна. "Улаанбаатар смарт карт" компанийн вэб сайтын ШИЛЭН ДАНС хэсэгт тухайн өдөр ямар ААН-д хэчнээн төгрөг хуваарилагдсан талаар мэдээлэл тавигджээ. Эндээс харвал ажлын өдрүүдэд 100-105 сая, амралтын өдрүүдэд 50-60 сая төгрөгийг 18 ААН рүү шилжүүлсэн байна/Есдүгээр сарын мэдээллээс харвал/.

Гэвч нийтийн тээврүүд нь алдагдалтай ажилласаар өрийн сүлжээг бий болгожээ.

Шийдэл нь?