Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүдэл Шийдэл: Намын санхүүжилтэд учрах дарамтыг бууруулах гол арга зам нь СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ!

Ч.Болортуяа
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-аар Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцэж эхлээд байна.

Үүнийг залгуулаад Улстөрийн намын тухай хуулийг хэлэлцэх хүлээлт байгаа юм.

Монголчуудын авлига, албан тушаалын хэрэг, хөгжлийн гацанг байдлын уг эх үүсвэр бол улс төрийн намуудын төлөвшил, нам доторх ардчилал, санхүүжилттай холбоотой юм.

Өнөөдөр Монголын улстөрийн намууд нь иргэд, сонгогчдын төлөө бус гишүүддээ үйлчилсэн буюу клиентелист намын тогтолцоо хэлбэрт шилжээд байгааг нэр бүхий судлаачид онцолдог.

Тодруулбал, намын санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа өнөө үед хэн өндөр хандив өгч байна, түүнд нам эрх баригч болсон хойноо үйлчилдэг, албан тушаалд томилдог сүлжээ явж байна.

Тиймээс ч намын санхүүжилт нээлттэй ил тод, эх үүсвэр тодорхой болохгүйгээр авлига, албан тушаалын хэрэг түүнээс үүдэлтэй хөгжлийн асуудал шийдлээ олохгүй билээ.

Улс төрийн намын санхүүжилтэд хамгийн их дарамт болдог зүйл бол сонгуулийн үеийн зардал гэдгийг мөн судлаачид хэлж байгаа юм.

Тиймээс сонгуулийн тухай багц хуулиудыг хэлэлцэх гэж байгаа энэ өдрүүдэд Монгол ТВ -ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгээр "Улс төрийн намын санхүүжилт" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Нэвтрүүлгийг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу. 

Оролцогчдын нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

"Аудитын байгууллагаас гаргасан сонгуулийн зардлын тайланг худлаа гэдгийг бүх нам, нэр дэвшигч бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг"
 

Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг 

  1. Ардчиллаар замнаж ирсэн хугацаанд бид юуг орхигдуулж ирсэн бэ гэвэл, улс төрийн нам өөрөө ардчиллын чухал  институц хэрнээ ямар эх үүсвэрээс санхүүжих юм бэ, яавал санхүүжилт нь гишүүдэд тэгш үйлчлэх юм бэ, яавал санхүүжилтийн эх үүсвэр нь цэвэр эх үүсвэр байх юм бэ гэдэг асуудал.

  2. Намын гишүүн намдаа өндөр хэмжээний татвар төлж байж сонгуульд нэр дэвших боломжийг олж авч байгаа бол энэ нь гишүүнчлэлийн татвараас ялгаатай ойлголт.

  3. Гишүүдээсээ хэдэн төгрөгийн татвар авах нь тухайн намын асуудал. Гэхдээ тухайн намын гишүүн татварын мөнгөө ханаас бий болгож өгч байгаад хяналт тавих эрх зүйн орчин бидэнд байхгүй байгаа нь эрсдэлтэй юм.

  4. 2016 оны сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээрээс 111 хүн зардлын тайлангаа өгөөгүй. 12 нам өрсөлдсөн түүнээс нэг нам мөн зардлын тайлангаа өгөөгүй. Сонгуулийн зардал буураагүй зардлын тайлангаа гүйцэт өгөөгүй учир буурсан мэт тайланд харагдаж байгаа юм. Түүнээс сонгуулийн зардал улам бүр нэмэгдэж байгаа.

    График 1, Нэг сонгогчид ногдох кампанит ажлын зардал, төгрөгөөр. Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форум,

  5. Аудитын байгууллагаас гаргасан сонгуулийн зардлын тайланг худлаа гэдгийг бүх нам, нэр дэвшигч бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. 

  6. Манай улсад сонгуулийн санхүүжилтийн хяналтыг иж бүрэн хийх тогтолцоо хэрэгтэй. Үүний эхний алхам нь ч тавигдаагүй байна. Ийм байхад бодит зардлыг гаргана гэдэг дараагийн асуудал болоод байна.

  7. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх төлбөртэй нэвтрүүлгүүдэд хийсэн судалгаанаас харахад 80 орчим хувь нь хэтэрхий нэг талыг барьсан, сонгогч өөрт хэрэгтэй мэдээлэл олж авахад маш хэцүү сурталчилгаа болж өнгөрсөн.

  8. Нэр дэвшигчид намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлах ёстой болохоос өөрийгөө сурталчлаад данх, гурил тараагаад явах учиргүй юм.

"Улс төрийн нам хариуцлагатай ил тод, үүргээ гүйцэтгэж чадаж байвал ардчилалд оруулж байгаа хөрөнгө оруулалт болно гэж үздэг учир бусад улс оронд төрөөс нь тухайн намыг санхүүжүүлдэг"
 

"Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийн санаачлагч Ч.Сосормаа

  1. Намдаа төлж байгаа татвар нь гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж болохгүй. Өөрөөр хэлбэл, нам гишүүдийн төлж чадахаас давсан мөнгөн дүн бүхий татвартай байж болохгүй. Энэ бол ОУ-ын нийтлэг зарчим. Намын гишүүнчлэлийн татвар өндөр байгаа нь эвлэлдэн нэгдэх эрхийг боомилж байна гэсэн үг. Төрийн, улс төрийн нам гишүүдийн сонгуульд нэр дэвших тэгш гараа, тэгш боломжийг хязгаарлаж болохгүй.

  2. Сонгуулийн зардлыг хязгаарлахгүй бол бид урагшаа явахгүй. Сонгуулийн зардлыг бууруулах нь төрийн үүрэг байх ёстой.

  3. Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиараа дамжуулаад сонгуулийн зардлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл сонгуулийн хуульд сонгуулийн үеийн зардлын дээд хязгаарыг Үндэсний аудитын газар тогтооно. Гэтэл аудитын газар яаж тогтоодог вэ гэхэд "Бидэнд тогтоох аргачлал байхгүй, үүнийг хуульчлаагүй, сонгуулийн үеийн зах зээлийн хөөсөрсөн үнийг жишиг болгож авч үздэг" гэж байсан. Юу гэхээр улс төрийн намуудаас саналыг нь аваад тогтоодог байгаа юм.  Тиймээс ч сонгууль мөнгөний л уралдаан болж байна гэсэн үг. Эрхзүйн зохицуулалт хийхгүй л бол гишүүд мөнгөөр л өрсөлдөнө, бид энэ мөнгөний өрсөлдөөнийг хэзээ ч гүйцэж чадахгүй.

  4. Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлнэ, дэмжинэ гэхээр олон нийт дургүйцдэг. Энэ нь ч үндэслэлтэй. Гишүүдээсээ татвараа авч чадахгүй байгаа улс төрийн намыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ гэдэг шударга зүйл мөн үү гэдэг асуудал яригдана.

  5. Уг нь улс төрийн нам хариуцлагатай ил тод, үүргээ гүйцэтгэж чадаж байвал ардчилалд оруулж байгаа хөрөнгө оруулалт болно гэж үздэг учир бусад улс оронд төрөөс нь тухайн намыг санхүүжүүлдэг.

  6. Намуудад очих төсвийн санхүүжилт хэд хэдэн зорилгод үйлчлэх ёстой байдаг. Төсвийн санхүүжилтээр улс төрийн намуудын хоорондох өрсөлдөөнийг дэмжих ёстой. Мөн төсвийн санхүүжилт улс төрийн намыг бодлогын нам байх, дотоод ардчиллыг дэмжих, дотоод ардчиллын тайлангаа явуулж байж санхүүжилт авдаг тогтолцоо руу орох ёстой. Мөн улс төрийн намын санхүүжилтийн хараат бус байдлыг хангахад улсын төсвийн санхүүжилт чиглэх ёстой. Үүнээс гадна улсын төсвийн санхүүжилт улс төрийн намын санхүүжилт болон, сонгуулийн санхүүжилтийг бууруулахад бүхэлд нь чиглэх ёстой.

  7. Сонгогчдын боловсролын асуудалд анхаарал хандуулах нь сонгуулийн ерөнхий хорооны зайлшгүй хийх ёстой зүйл. Улс төрийн намын хуулийн төсөлд олзуурхаж байгаа нэг зүйл нь намын дэргэдэх сантай байна, түүнээсээ тодорхой хувийг сонгогчийн боловсролд зарцуулна гэж заасан байсан.

  8. 60 тэрбум төгрөгийн схемийг хэрэгжүүлж байсан нөхөр ял авсан, нарийн бичиг нь бас намдаа хөрөнгө босгох гээд  авлигын хэргээр ял авсан. Харин энэ бүх үүргийг өгөөд байгаа улс төрийн намын удирдлагууд нь, нам нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Яагаад энийг одоо болтол зохицуулахгүй байгаа юм. Одоо л үүнийг зохицуулахгүй бол бид залуучуудаа золиослоод л яваад байх болно.

  9. Төрийн алба, төрийн бус байгууллагууд, хоршооллыг улс төрийн намаас салгах хэрэгтэй.

"Нам болоод намын дэргэдэх байгууллагуудыг нэг данстай болгоод төр хянах хэрэгтэй"
 

Улс төр судлаач, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны (ҮБХ) гишүүн О.Чулуунбилэг  

  1. АН-ын ҮБХ-ны гишүүд жил болгон 3 сая орчим төгрөгийн татвар намдаа төлдөг.

  2. АН-ын ҮБХ-ны хурлаар энэ жил сонгуулийн өмнөх жил учир татвараа огцом нэмэх үү, үгүй юу гэдэг дээр бүтэн өдрийн маргаантай хурал болсон. Сонгуулийн өмнөх жил учраас, сонгуульдаа яаралтай бэлдэх шаардлагатай байгаа учир татвараа огцом нэмэх тухай яригдсан гэсэн үг. Би 100 сая төгрөг болгох саналыг дэмжсэн.

  3. Татвар нэмэхийг дэмжих хоёр шалтгаан байсан. Улс төрийн нам 48 сар тогтмол ажлаа явуулах ёстой. Гэтэл 48 сарын 47-д нь санхүүжилт маш багатай байдаг. Сүүлийн нэг сар буюу сонгуулийн сард нийт санхүүжилтийн 80-аас дээш хувь нь орж ирдэг. Үлдсэн 47 сард санхүүгийн хомсдолтой явж ирсэн. Энэ байдлаасаа гарч үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд санхүү тогтвортой байх хэрэгтэй байна.

  4. Намын татварыг заавал УИХ-д нэр дэвших хүн биш ҮБХ-ны гишүүн ч төлөх ёстой. Тийм учраас энэ бол дэнчин биш татвар. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа.

  5. Намын санхүүжилтийг бүрдүүлж байгаа татвар хэд ч байж болно. Хамгийн чухал нь биднээс авсан татвар зөв зарцуулагдаж шилэн байх ёстой гэсэн зарчмын шаардлага л тавьсан.

  6. Залуу улс төрчдийн хувьд мөнгө босгох урлагт суралцмаар байна. Би шууд 100 сая төгрөгийн татвар төлөх боломж байхгүй. Гэхдээ олон нийтэд нээлттэй байж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж хэн нэгэн дарга, ахаас мөнгө авах биш өөрсдөө мөнгө болгох урлагт суралцах хэрэгтэй.

  7. Намын санхүүжилтэд тогтсон татвараа өгөхгүй байлаа гээд ямар нэгэн хатуу арга хэмжээ байхгүй.

  8. Ардчилсан намын жирийн гишүүн сарын 1,000 төгрөгийн татвартай жилийн нэг хүний 12,000 төгрөг. Гэтэл намын нэг гишүүндээ хүрч ажиллахад дунджаар 30-40 төгрөг зарцуулах тооцоо гарч байна. Ингэхээр үргэлж алдагдалтай явж байна.

  9. Улс төрийн намын санхүүжилтийг төрөөс тодорхой хэсэгчлэн шийддэг, шийдэхдээ тодорхой зориулалтыг нь зааж өгдөг, хянадаг тогтолцоо руу орохоос өөр ямар ч арга байхгүй. Энэ бол дэлхийн жишиг.
     
  10. Намын дэргэд үй олон ТББ-ууд байна. Тэдгээрээр дамжиж хяналтгүй мөнгө явж байх маш том эрсдэл байдаг. Иймд нам болоод намын дэргэдэх байгууллагуудыг нэг данстай болгоод төр хянах хэрэгтэй.

"Монголын улстөр зөвхөн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн орон зай байх боломжийг өгөөд байна"
 

МАН-ын дэргэдэх стратеги академийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг  

  1. МАН 28 дахь Их хурлаасаа хойш нэлээд олон шинэчлэл хийж байгаа. Үүний нэг нь намын санхүүжилт. 
  2. МАН 200 гаруй мянган гишүүнтэй боловч бүх гишүүнийхээ татварыг бүрэн цуглуулж чаддаггүй. Мөн гишүүдийн бүртгэл дутуу дулимаг байгаа учир цахим систем рүү шилжээд гишүүн нэг бүр татвараа төлнө. Төлөх мөнгө нь жилийн 1,000 төгрөг. Гишүүн нэг бүр 1,000 төгрөгөөрөө төлөхөд л намын санхүүжилтэд 2 тэрбум төгрөг хуримтлагдахаар байгаа.  Энэ бол нэг хувилбар.

  3. МАН-ын зүгээс сонгуулийн зардлаа багасгах, сонгуульд зөвхөн мөнгөтэй хүмүүс оролцох эрхтэй болдгийг нь багасгах зорилт тавьж байгаа.

  4. Төсвөөс намын санхүүжилт гэж нэг суудлын 10 саяар бодож жилд 640 төгрөгийн төсвийн дэмжлэг авч байгаа.

  5. Намын санхүүжилтийн үлэмж хэсэг бол гишүүдийн сургалт, намын анхан шатны байрны түрээсэнд зарцуулагддаг.

  6. Сонгуулийн үед яалт ч үгүй нэр дэвшигч хувиасаа хөрөнгө гаргах шаардлага үүсдэг.

  7. Байж болох энгийн байдлаар, өртөг багатай байдлаар л сонгуулийг явуулах арга замыг хайх хэрэгтэй.

  8. Сонгуулийн зардал болоод, намын санхүүжилтийг төрөөс санхүүжүүлдэг. Эргээд үүндээ хяналт тавьдаг байх ёстой.

  9. Сонгуульт гишүүн байна уу жирийн гишүүн байна уу хамаагүй тухайн гишүүний намдаа өгөх хандив, татвар нь тухайн хүний цалингийн 10 хувиас ихгүй байна гээд заачихсан. Нам бол гишүүдээсээ татвараа авна, гэхдээ хэт их хэмжээний татвар авахгүй гэж хуулийн төсөлд заасан байгаа.

  10. Одоогийн УИХ-ын 76 жижиг тойрог нь сонгуулийн зардлыг улам бүр ихэсгэж байна. Зөвхөн хөрөнгө мөнгөтэй хүн л орон нутагт жишээ нь талаар нэг тарсан айлуудад хүрэх боломжтой байгаа. Энэ нь ч намуудад дарамт болдог. 60 тэрбумын хэрэг нь намуудад ямар дарамт тулгараад байгааг ил тод болгосон асуудал. Тиймээс бид өнгөрсөн 30 жилийн алдааг засах цаг болсон.

  11. Нөгөө талд хөрөнгө мөнгөтэй хүнийг сонгочих юмсан гэсэн сонгогчид байна. Энэ нь Монголын улстөр зөвхөн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн орон зай байх боломжийг өгөөд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.