Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг сарын эфирийн ердөө ХОЁР ХУВИЙГ хүүхдийн нэвтрүүлэг эзэлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018 онд монгол хүүхдүүд телевизээр юу үзэж буй талаар судалгаа хийжээ.

Өмнөх удаад Насны ангиллын тэмдэглэгээний тухай хөндсөн бол энэ удаад дээрх судалгааны талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулсан юм.

Судалгааны зорилгын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогын хэрэгжилтийн газрын Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг. 

Нийгмийг соён гэгээрүүлэхэд телевизийн нөлөө онцгой их тул зохицуулалт хийх шаардлагатай. Учир нь бусад мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад телевизийн дэлгэцийн урд хэн сууж байгаагаас үл хамааран бүх хүн үзэх, хүлээн авах боломжтой байдаг тул зохих шаардлагуудыг тавих ёстой” хэмээв. 

Түүнчлэн тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэмт хэргийн тухай кино болон мэдээллийг нарийвчлан харуулж цацвал тухайн цаг хугацаанд гэмт хэргийн гаралт өсдөг. Гарч буй контент нь хүмүүст сэдэл болдог гэсэн үг. Хүүхдийн зан үйлийн төлөвшилд ч ихээхэн нөлөөлж байна” гэдгийг тодотгож буй юм. 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Монгол хүүхдүүд юу үздэг вэ” судалгааг 2017 оны нэгдүгээр сараас аравдугаар сард хийж, 2018 онд нэгтгэн дүгнэжээ.

Судалгаанд 4-17 насны хүүхдүүдийг хамруулж, нийт 60 гаруй сувгийн өдрийн хөтөлбөрт мониторинг хийхийн хамт “Максима медиа” компаниас үзэлтийн хувь хэмжээг авч, нэгтгэсэн байна.

Судалгааны дүнг товчоор дурдвал:

 
  • Хүүхдүүд ажлын өдөрт дунджаар 2 цаг 36 минут зурагт үздэг. Харин амралтын өдөрт 3 цаг 23 минут болдог
  • Тэд 18:00-00:00 цагт буюу оргил цагаар зураг үздэг. Энэ нь том хүмүүстэй ижил цагт үзэж байна гэсэн үг
  • Тэдний телевиз үзэх цаг, үзэж буй кино нэвтрүүлэгт хүүхдийн агуулга байхгүй
  • Хүүхдүүд ихэнхдээ киноны төрөлжсөн сувгууд үздэг
  • Монгол Улсын хэмжээнд хүүхдийн 14 суваг гарч байгаагаас зөвхөн нэг нь МОНГОЛ СУВАГ. Бусад улсаас дамжуулагдаж буй сувгууд нь тухайн улсынхаа хэлээр хүрч байгаа бөгөөд бүртгэл хийлгэдэггүй.

Бусад улстай харьцуулахад:

  • Хүүхдийн нэвтрүүлгийн хугацаа нь жилд 51 хувиар бага
  • Хүүхдийн болон хүүхэлдэйн киноны нийлүүлэлт 7 дахин бага байна.

"Хүүхдийн тархи руу юу "орж" байгаа вэ гэдгийг анхаарахгүй байна"

Телевизийн контентод хэн хяналт тавих талаар ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогын хэрэгжилтийн газрын Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэнгээс тодруулсан юм. 

Тэрбээр “Телевизийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодгийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарим нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг сарын эфирийн 15-аас доошгүй хувьд хүүхэд, танин мэдэхүйн агуулгатай нэвтрүүлэг гаргахыг шаарддаг

Судалгааны хүрээнд өргөн нэвтрүүлгийн 18 сувгийн өдрийн хөтөлбөрийг ажиглахад танин мэдэхүй, шинжлэх ухааны нэвтрүүлгийг хасаж тооцвол сарын эфирийн ердөө хоёр хувь нь хүүхдэд зориулагдсан нэвтрүүлэг байна. Хүүхдийг хамгаална, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хангана гэдэг боловч хүүхдийн тархи руу юу "орж" байгаа вэ гэдгийг анхаарахгүй байна” хэмээж байв.

Манай улсад Өргөн нэвтрүүлгийн тухай хууль боловсруулалтын шатандаа байгаа тул контентын агуулгад хэн хяналт тавих, хэн хэм хэмжээг тогтоох нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Олон улсад контентийг бодлогоор хөгжүүлж байна. Энэ нь тухайн улс бяцхан иргэдийнхээ төлөвшилд анхаарч байгаагаас гадна гадаад орнуудад хэрхэн сурталчлах зорилгоор соёлын бодлогыг тодорхойлдог. 

Харин монгол хүүхэд хэн болж төлөвшихөд ихээр нөлөөлөх, үндэсний соёлыг танин мэдүүлж, сурталчлах контент дутагдсаар байна. Тиймээс нийгэмд хамгийн их нөлөө үзүүлэгч энэ салбарт тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг албаныхан онцолж байгаа юм. Гэхдээ хяналтыг цензур болохоос хамгаалж, хуулийн орчныг бүрдүүлэх нь чухал байна.