Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт хүчин, аллагын хэрэг үйлдсэн эрчүүдийг линчийн шүүхээр шийтгэх санал гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн өмнөд бүсийн Хайдарабад хотод нэгэн аймшигтай гэмт хэрэг гарсан юм. Лхагва гарагт хэсэг эрчүүд 27 настай малын эмч эмэгтэйг бүлэглэн хүчиндэж, амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатааж хаясан байна.

Одоо уг хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн эрэгтэй шалгагдаж байгаа. Мөн сураггүй болсон эмэгтэйн талаар дуудлага аваад шуурхай ажиллаагүй гурван цагдааг ажлаас нь халжээ. Энэхүү жишгүүрт хэргийн улмаас Энэтхэг даяар охид бүсгүйчүүдийн аюулгүй байдлыг хангахыг шаардсан жагсаал тэмцэл өрнөж байна.

Хайдарабадаас гадна нийслэл Дели, Бенгалуру, Колката хотуудад олныг хамарсан жагсаал зохион байгуулагдаж, зарим парламентын гишүүд тэмцэлд оролцож эхэлжээ.

Даваа гарагт жагссан иргэд Хайдарабадад гарсан хэргийг яаралтай горимоор шалгаж, гэм буруутнуудад хатуу шийтгэл оноохыг шаардсан байна. Болливүүдийн жүжигчин асан, парламентын гишүүн Жаяа Баччан “Хатуу сонсогдож байж болох ч ийм хэрэг үйлдсэн этгээдүүдийг хүмүүсийн гарт өгч, линчийн шүүхээр шийтгүүлбэл зохино” гэж мэдэгдсэн байна.

Тэрээр эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хэрхэн сайжруулах, бэлгийн хүчирхийллээс хэрхэн хамгаалах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулахыг Энэтхэгийн засгийн газраас шаарджээ.

2012 онд Делид гарсан дуулиант хүчин, аллагын хэргийн дараа олон мянган эмэгтэйчүүд гудамжинд жагссаны үр дүнд хүчингийн хэргийн ялын хугацааг хоёр дахин нэмэгдүүлэн 20 жил болгосноос гадна эмэгтэйчүүдийг гудамж, олон нийтийн газарт өдөж хоргоох, хулгайлах үйлдлийг гэмт хэрэгт тооцох болсон юм. Мөн ноцтой гэмт хэрэг үйлдэгсдэд ял шийтгэл оноох насны босгыг 18-аас 16 болгон бууруулж байжээ.

Хамгийн сүүлийн тоо баримтад өгүүлснээр 2017 онд Энэтхэг даяар 33,658 хүчингийн хэрэг бүртгэгдсэн ч мэдэгдээгүй хэрэг үүнээс хамаагүй олон байгаа гэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Дээрх тоо нь Энэтхэг улсад өдөр бүр 92 хүчингийн хэрэг гардгийг харуулж байгаа юм.

Гэвч гэмт хэргийн тоотой харьцуулахад шүүх байгууллагын тоо хангалтгүйн улмаас ихэнх хэрэг нь шийдэгдэлгүй удаан хугацаанд хүлээгддэг. Тухайлбал 2017 онд Энэтхэг даяар хүчингийн 18,300 хэргийг шалгаж эхэлсэн бол он дуусахад 127,800 хэрэг шалгагдах ээлжээ хүлээж байжээ.

Тиймээс хүчингийн хэргийг богино хугацаанд шүүж, гэмтнийг удаалгүй шийтгэдэг болохыг тэмцэгчид одоо засгийн газраас шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian