Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"МОН-30 цахилгаан автобус 100 хувийн цэнэгээр өвөл 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай"

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цахилгаан тээвэр компаниас ажлын гараагаа эхэлж, цахилгаан автобус, ачааны автомшин үйлдвэрлэлийн чиглэлд үйлдвэрлэл эрхэлж байгаа инженерүүдийн зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжихгүй, харлуулах гэж элдэв мэдээлэл хийж байгаа талаар хурлын эхэнд хэлсэн юм.

"Монгол инженерүүдийн үйлвэрлэсэн тээврийн хэрэгсэл үйлилгээнд явж чадна"
 
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол машин байгууламж" компанийн үйлдвэрийн дарга С.Болдсайхан "Цахилгаан тээвэр компани 2006 онд Монгол Улсын анхны троллейбусыг үйлдвэрлэсэн. Нийт 80 троллейбус үйлдвэрлэсэн нь 12 жил үйлчилгээнд яваад, стандартад заасны дагуу 2018 онд актлагдсан. 20 орчим нь одоо ч үйлчилгээнд явж байгаа. Энэ нь монгол инженерүүдийн үйлвэрлэсэн тээврийн хэрэгсэл үйлилгээнд явж чадна гэдгийг баталж байгаа юм. Гэсэн ч 2014 онд автобус баазуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр үйлдвэрлэлийн бүхэл бүтэн баг бүрдээд байсныг тараасан.

Бидний зүгээс дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл итгэл үнэмшил байсан учраас хувийн хэвшилд гарч ажиллаж эхэлсэн. Уг нь бол автобус үйлдвэрлээд эхэлбэл дагаал пластик эдлэл, шил, тольны үйлвэрлэлээс авхуулаад олон үйлдвэрлэл хөгжөөд явах боломжтой. Маш олон ажлын байр бий болно гэсэн үг. Хамаг авьяастай, чадвартай залуучууд маань гадагшаа явахгүй, эх орондоо баялаг бүтээгч болно. Тоёота компанийг дагаад 80 дунд үйлдвэр, 300 орчим жижиг үйлдвэр хөгжсөн түүх байгаа. Бид үйлдвэрлэл эрхлэе л гэж байгаа юм. Биднийг бодлогоор дэмжээд өгөөч ээ л гэж хүсэж байгаа юм" хэмээн ярилаа.

"МОН-30 автобусны хувьд цэвэр цахилгаанаар ажилладаг буюу халаалтаа хүртэл цахилгаанаар шийдсэн"

Агаарыг бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Монгол машин байгууламж", "Монгол машин индастриал", "Эрдү" компаниуд хамтран МОН-30 автобусыг дөрвөн сарын хугацаанд автобусыг угсарч, үйлдвэрлэсэн байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үйлдвэрлэлийн ажлыг гардан хийсэн "Монгол машин индастриал" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлын хүрээнд 2018 онд Засгийн газраас тогтоол гаргаж ЗТХЯ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран манай компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани төслийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийнхээ инженер техникийн ажилтнуудын тусламжтайгаар автобусыг угсарч, үйлдвэрлэсэн.

Ингээд автобусаа ЗТХЯ-тай хамтран өвөл, хавар, зун туршилт, судалгаа хийсэн бөгөөд автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай.

Ер нь бол замын өгсүүр багатай хотын төв доторх чиглэлд цахилгаан автобусыг явуулдаг жишиг байдаг. Үйлдвэрлэгчийн хувьд бид хоёр автобусаа ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөхдөө ашиглалтын горим, зөвлөмжүүдийг өгсөн. Мөн цахилгаан автобусны жолоочийг сургалтад хамруулах саналаа ч хэлж байсан. МОН-30 автобусны хувьд цэвэр цахилгаанаар ажилладаг буюу халаалтаа хүртэл цахилгаанаар шийдсэн учраас энэ горимд хэрхэн ажиллах талаар жолоочоо сургах хэрэгтэй байгаа юм. Автобусны дотор агаар хэр хүйтэн байгаагаас хамаараад 6 халаагуураа бүгдийг нь ажиллуулах уу, заримыг нь ажиллуулах уу гэдгийг жолооч шийднэ. Гэтэл хүйтэн гараашд зогсоогоод бүх цахилгаан хэрэглэгчийг нь ажиллуулаад, цэнэгээ барихгүй байна гэх мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс бидний зүгээс халаагуурыг дизелиэр шийдэж өгөх саналаа хүргүүлчихээд байж байна.

Дээр дурдсан ашиглалтын горимуудыг мөрдөөгүй, буруу зөрүү ойлголцсоноос үүдэлтэйгээр цахилгаан автобусны талаар янз бүрийн мэдээлэл гарлаа" гэсэн юм.