Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Ирэх оноос НДС-гийн мөнгөөр зөвхөн Монголбанкны үнэт цаас худалдан авах чиглэл барина

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Нийгмийн даатгалын сантай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Нийгмийн даатгалын сан Капитал банкнаас яг хэдэн төгрөгийн авлагатай байгаа вэ?

-105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг заавал арилжааны банкуудад байршуулах ёстой юу. Өөр ямар арга зам бий вэ?

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулдаг гурван арга бий.

  1. Монголбанкны үнэт цаас худалдан авах,
  2. Засгийн газрын бонд худалдан авах,
  3. Арилжааны банкуудад хүүтэй байршуулах юм. 

Хувь хүнийхээ хувьд би нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад мөнгө байршуулж өсгөхөөс илүүтэйгээр энэ сангийн хөрөнгө эрсдэлгүй байх ёстой гэж боддог. Мөн хяналт чанд байх ёстой гэж боддог.

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг бий. Мөн 400 орчим тэрбум төгрөг арилжааны банканд байршиж байна. Үүнийг ХААН банк, Төрийн банканд хуваан байршуулсан.

Ирэх оноос Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр Монголбанкны үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа Монголбанкнаас мэдэгдээд байгаа. Тиймээс он гараад НДС-гийн мөнгөөр зөвхөн Монголбанкны үнэт цаасыг худалдан авах чиглэлд орно. Хүү нь бага зэрэг буурна. Гэхдээ өндөр хүүгийн хойноос явах биш эрсдэлгүй байхад анхаарах нь зөв. 

Арилжааны банкуудад НДС-гийн мөнгийг байршуулснаар жилд 60-70 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олдог. 

-2018 онд Капитал банкны байдал хүндэрсэн тухай мэдээлэл иргэдийн дунд гараад байсан. Энэ үед нь НДС-гийн мөнгийг татах боломж байв уу?

-Татах боломж хүнд байсан. 2017 оны 12-р сарын 26-нд 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ дуусахад мөнгөө татаж авах гээд 2018 оны 6-р сар хүртэл явсан.

Энэ хугацаанд нэг ч төгрөг авч чадаагүй. Зургаан сарын хугацаанд гэрээгүй явсан учир харилцах данснаас хадгаламж руу шилжүүл гэж чиглэл гарсан учир 2018 оны 6-р сард гэрээг сунгасан.