Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс АНУ-тай хамтарсан байлдааны сургуулилалт явуулах зорилгоор арал худалдаж авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газар хүн амьдардаггүй арлыг хувийн компаниас 16 тэрбум иенээр ($146 сая) худалдаж авах наймаагаа амжилттай дуусгасныг өчигдөр зарлажээ.

Кюшү болон Окинава арлуудын дунд байрлах Магешима арлыг Япон-Америкийн байлдааны сургуулилалтын талбар болгох зорилготой юм.

Тус арлыг дэлхийн хоёрдугаар дайны сүүл үед Окинаваг хамгаалахын тулд Японы эзэн хааны арми агаарын бааз болгон ашиглаж байжээ.

8.2 км.кв талбай бүхий Магешима арлыг Токиод төвтэй Taston Airport үл хөдлөх хөрөнгийн компаниас 4.5 тэрбум иенээр худалдаж авах тохиролцоог засгийн газар нэгдүгээр сард хийж байв.

Гэвч тавдугаар сард тус компанийн шинэ ерөнхийлөгч төлбөрийн дүнг өсгөх шаардлага тавьснаар тохиролцоо цуцлагдаж байжээ. Ингээд Магешима аралд Taston Airport компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож үзээд Японы засгийн газар 16 тэрбум иенээр авах шийдэлд хүрсэн юм.

Вашингтон, Токиогийн талууд хамтарсан байлдааны сургуулилалт хийх шинэ газар олохоор найман жилийн өмнө тохиролцож байжээ.

Учир нь байлдааны нисэх онгоцнууд дуу чимээ ихтэй тул Японы үндсэн арлууд дээр нисэх боломжгүй. Тиймээс Японы төв хэсгийн Ивакуни агаарын баазаас 1,400 орчим километр зайтай Иво То (хуучнаар Иво Жима) аралд хүрч, сургуулилалт хийх хэрэгтэй болдог байв.

Харин Магешима арал нь Ивакунигаас 400 км зайтай тул хамгийн тохиромжтой цэгт тооцогдож байна.

Японы үндсэн арлуудыг тойроод хэдэн зуун жижиг арал оршдог. Гэвч тэдний ихэнх нь хэт жижиг, дэд бүтэц муу тул хүн амьдрах боломжгүй байдаг.

Боломжийн томд тооцогдох арлуудын тоо 40 орчим ажээ. Тэдгээрийн дотор Хятад, Тайваньтай газар нутгийн маргаантай Сенкаку арлууд багтдаг юм. 

 

Эх сурвалж: Kyodo News