Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Smart TV тагнуулын ажиллагаанд ашиглагдаж болзошгүйг Холбооны Мөрдөх Товчоо анхааруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-д болж өнгөрсөн хямдралын баярууд болох “Black Friday”, “Cyber Monday”-ийн үеэр олон хүн смарт буюу ухаалаг зурагт худалдан авсан.

Тэгвэл эдгээр өдрүүдийг эхлэхийн өмнө АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо иргэдэд хандаж анхааруулга гаргажээ.

Тодруулбал интернэт стриминг, царайгаар таних технологитой орчин үеийн зурагтнууд хакеруудын гарт орж, тагнах ажиллагаанд ашиглагдаж болзошгүйг анхааруулсан байна.

“Шинэ үеийн Smart TV-нүүд нарийн программтай, интернэт холболттой, микрофон зэрэг мэдрэгчүүдийг агуулсан байдаг. Харамсалтай нь эдгээр дэвшлүүд нь буруугаар ашиглагдах боломжтой юм” гэж уг анхааруулгад өгүүлсэн байна.

“Хамгийн аюул багатай тохиолдолд тэд зурагтны сувгийг солих, дууг нь чангалах, хүүхдүүдэд тань зохимжгүй видео үзүүлэх боломжтой. Харин хамгийн муу тохиолдолд тэд таны зурагтыг тагнуулын төхөөрөмж болгон ашиглах боломжтой юм” гэж Холбооны Мөрдөх Товчооны анхааруулгад өгүүлжээ.

Эрсдлээс хамгаалахын тулд Smart TV-тэйгээ сайн танилцаж, аюулаас хамгаалах тохиргоонуудыг өөрчилж сурах, үйлдвэрээс өгсөн “default” нууц кодыг өөрчлөх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Хэрвээ зарим зурагтны камерыг идэвхгүй болгох тохиргоо байхгүй бол хар өнгийн тууз нааж хаах энгийн арга хэрэглэхийг зөвлөжээ.

Мөн үйлдвэрээс нь гаргасан программын шинэ хувилбарыг тогтмол суулгаж байхын чухлыг онцолсон байна.

 

Эх сурвалж: CNN