Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сибириэс олдсон 18,000 жилийн өмнө амьдарч байсан гөлгийг нийтэд үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Оросын эрдэмтэд одоогоос 18,000 орчим жилийн өмнө амьдарч байсан гөлөгний муммиг нийтэд танилцуулжээ.

Бараг бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн энэ амьтны цогцсыг өнгөрсөн онд Якутын мөнх цэвдгээс олж байсан юм.

“Бүх мөч нь, арьс үс нь, шүд нь, бүр сахал нь хүртэл хэвээр хадгалагдаж үлдсэн ховор тохиолдол юм. Бидний судалж тогтоосноор энэ нь эр гөлөг байжээ” хэмээн Умард Ертөнцийн музейн захирал Николай Андросов танилцуулжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгал дулаарсантай холбоотойгоор Оросын алс дорнодод мөнх цэвдэг хайлж, эртний амьтдын үлдэгдэл олноор илрэх болсон юм.

Үүнийг дагаад Якутад арслан зааны соёо олборлож, гадаадад гаргах бизнес дэлгэрээд байгаа. “Сүүлийн 10 жилийн хугацаанд Якутаас эртний амьтдын үлдэгдэл олноор илрэх болсон нь нэгдүгээрт дэлхийн дулааралтай холбоотой. Дэлхийн уур амьсгал үнэхээр дулаарч байна. Энэ бүс нутагт өвөл оройтож, хавар эрт эхэлдэг болсон” гэж Арслан зааны музейн судлаач Сергей Фёдоров тайлбарлаж байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Хоёрдугаар шалтгаан нь арслан зааны соёо Хятадын зах зээлд өндөр үнэ хүрэх болсонтой холбоотой” гэжээ.

 

Гөлөгний мумми олдсоны дараа яснаас нь хэсгийг Шведийн судлаачдад илгээж ДНХ шинжилгээ хийлгэж насыг нь тогтоолгосон байна.

Ингэхэд энэ амьтан 18,000 орчим жилийн өмнө амьдарч байсан гэсэн хариу гарсан гэнэ.

Харин одоо болтол эрдэмтдийн дунд маргаантай байгаа сэдэв нь уг гөлөг чонынх уу, нохойных уу гэсэн асуудал байгаа ажээ.

Одоо гөлөгний генийн кодыг тайлах гурав дахь ээлжийн ажил хүлээгдэж байгаа бөгөөд үүний дараа ямар амьтны үр төл болохыг нь тогтооно гэж Шведийн судлаачид мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press