Бразил, Аргентин улсуудаас нийлүүлдэг ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар оноож байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Трамп твиттер хуудсандаа “Эдгээр улсууд үндэсний валютын ханшаа зориуд сулруулах замаар манай фермерүүдийг хохироож байгаа тул нэн даруй татвар оноох болсон” тухай тайлбар бичсэн байна.
Судлаачид түүний тайлбарыг үндэслэлгүй, харин ч Бразил, Аргентин улсууд үндэсний валютаа америк долларын эсрэг чангаруулахаар ажиллаж байгаа гэж дүгнэжээ.
Трампын гэнэтийн шийдвэр нь Хятадтай хийж буй худалдааны дайных нь нэг хэсэг гэж тэд үзэж байна. Дональд Трамп 2020 оны сонгуульд дахин ялахын тулд Америкийн фермерүүдийг дэмжих бодлого баримталж байгаа. Тухайлбал одоо Вашингтон-Бээжингийн хооронд үргэлжилж буй худалдааны яриа хэлэлцээний нэг гол нөхцөл нь Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад их хэмжээгээр нийлүүлэх юм.
Гэвч энэ тал дээр Хятадтай одоо болтол тохиролцож чадахгүй байгаа бөгөөд энэ хооронд Бразил, Аргентин улсууд АНУ-ын орон зайг эзлээд байна.
“Америк-Хятадын худалдааны маргаанаас ашиг олж буй Бразилын шар буурцагны фермерүүд үүнийг өшөө авалт гэж харж байна” хэмээн Мартин Карри судалгааны байгууллагын хөрөнгө оруулалтын стратеги хариуцсан захирал Ким Катекис дүгнэжээ.
Трампын мэдэгдлийн дараа түүний фэнүүдийн нэг гэгддэг Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару “Би үүнийг хариу шийтгэл гэж харахгүй байна. Би түүнтэй утсаар ярьж ойлгуулах болно. Тэр намайг сонсоно гэдэгт итгэлтэй байна” гэж орон нутгийн радиод ярьсан байна.
Харин Аргентины үйлдвэрлэлийн сайд Данте Сика гэнэтийн шийдвэрийг цочирдон хүлээж авснаа илэрхийлээд АНУ-ын албаныхантай ярилцахаа мэдэгджээ.
Түүний мэдээлснээр Аргентин улс энэ он гарсаар нийт $520 саяын үнэ бүхий ган, хөнгөн цагаан материалыг АНУ-д экспортлосон бол 2018 онд $700 саяын бүтээгдэхүүн гаргасан байна.
Дональд Трамп 2018 оны гуравдугаар сард Бразил, Аргентин улсуудаас нийлүүлдэг металлд татвар оноох тухай зарлаж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэлгүй хойшлуулаад байсан юм.
Өчигдөр бас АНУ-ын засаг захиргаа Франц улсаас тус улсад экспортлодог $2.4 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 100 хүртэл хувийн гаалийн татвар оноохоор төлөвлөж байгааг зарлажээ.
Үүнд шампайн дарс, гар цүнх, бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан байна.
Татвар оноох болсон зорилго нь Франц улсын засгийн газар Америкийн технологийн компаниудаас дижитал татвар авахаар болсны хариу арга хэмжээ гэнэ.
Google, Facebook, Apple, Amazon зэрэг компаниудын Францын зах зээлээс олж буй орлогоос татвар авах шийдвэрийг Эммануэл Макроны засгийн газар гаргаад байгаа юм.
АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын дарга Роберт Лайтайзер мөн адил дижитал бизнесүүдээс татвар авахаар зэхэж байгаа Австри, Итали, Турк улсуудын төлөвлөгөөг нягтлан шалгаж, шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters