Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчдийг “Чингис хаан” банкны удирдлагууд дарамталсан асуудлаар мэдээлэл хийлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын сайтын холбоо /МоСаХ/-ноос “Чингис хаан” банкны удирдлагууд сэтгүүлчдийг дарамталсан асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэхүү асуудал нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг баривчилснаас үүдэлтэй хэмээн тэд хэлж буй юм.

МоСаХ-ны ТУЗ-ийн гишүүн, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг энэ оны есдүгээр сард баривчилж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар арваннэгдүгээр сард прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ үеэр зарим асуудал тодорхой болсноор хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

Тухайлбал “Өнөөдөр” сонины сэтгүүлч миний бие асуудлыг судалж бичсэн юм. Нийтлэл гарсны дараагаас дарамт ирэх болсон” гэлээ.

Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр “Өнөөдөр” сонинд бичсэн нийтлэлдээ Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг “Чингис хаан” банканд бага хэмжээний хүүгээр байршиж буй тухай болон ийнхүү хүүгийн хэмжээг багасгаж, банканд ашигтай байдал үүсгэхийн тулд ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт авлига өгсөн хэмээн бичжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг арвижуулахын тулд арилжааны банканд 15.2 хувийн хүүтэйгээр байршуулдаг. Гэтэл сангийн мөнгийг 2017 онд “Чингис хаан” банканд байршуулсны дараагаар хүүг 5.5 хувь болгон өөрчилсөн. Ингэснээр хүүгийн орлогоос гурван тэрбум гаруй төгрөгийг алдаж байна” хэмээн ярилаа.  

Л.Оюунтунгалаг: Мэргэжлийн холбоод сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаална
 
Гэрэл зургийг mpa.mn

МоСаХ-ны Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг хэлэхдээ “МСНЭ, МоСаХ зэрэг мэргэжлийн холбоод сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаална. Хэн нэгэн этгээдийн заналхийлэл сэтгүүл зүйд байсаар ирсэн. Үүний эсрэг тэмцэнэ. Сэтгүүлчид худалддаггүй юм гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Иргэдийн төлж буй даатгалаар жилд 400 тэрбум төгрөг хуримтлагддаг гэдэг. Үүний 30 тэрбум нь хаана, яаж байршиж байгааг хөндсөн. Үүний цаана 370 тэрбум нь хаана яаж, зарцуулагдаж байгааг хөндөх л ёстой” гэв.

"Ямар нэг алдаатай, буруутай нийтлэл нэвтрүүлэг гаргасан бол Зөрчлийн хуулиар зохицуулагдах ёстой"
 
Гэрэл зургийг mpa.mn

МоСаХ-ны Дэд ерөнхийлөгч Г.Улсболд “Сэтгүүлчид аливаа асуудлыг илчилснийхээ төлөө дарамтад өртөх нь байсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийн дэлгэн ярьж буй шиг  эмэгтэй хүн рүү хоёр хүн явуулж, дарамталсан тохиолдол гарч байгаагүй. 

Монгол Улс хуультай улс. Ямар нэг алдаатай, буруутай нийтлэл нэвтрүүлэг гаргасан бол Зөрчлийн хуулиар зохицуулагдах ёстой.

Балмад, хуулийн бус аргаар ийнхүү сэтгүүлчийг дарамталсан асуудлаар “Глоб интернэшнл” ТББ, Эмнести интернэшнл, Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаа хууль хүчний байгууллагад хандах болно. Үнэн зөв нь хуулиар л тогтоогдох учиртай” гэлээ. 

Түүнчлэн дарамт шахалт нь рекит шинждээ орж, мөнгөөр аархдаг болсон гэдгийг хэлж байв.