Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Алтанцогт: "Монос" эмийн санг монопол гэж үзэх үндэслэл байхгүй

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монос” группийн зарим удирдлага өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн асуудлаар Эм хангамжийн холбооноос мэдээлэл хийж, шинэчилсэн жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдаалах боломжгүй болсон хэмээсэн юм.

Мөн үүний дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монос эмийн сан хариуцсан гүйцэтгэх захирал Л.Алтанцогт "Эм зүйн шинжлэх ухааны доктор, "Монфа" компанийн захирал Д.Цэндээхүү "Монос" группийн үйл ажиллагаатай холбоотой судалгаагүй, баримтгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн учраас хуулийн байгууллагад шалгуулна. Уг нь тухайн хэвлэлийн хурал ЭМД-ын шинэчилсэн жагсаалттай холбоотой гэсэн боловч үндсэндээ "Монос" группийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн агуулгатай зүйлсийг ярьсан.

ЭМД-ын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол 2019 оны долоодугаар сарын 29-нд гарсан. Уг тогтоолд 818 эм хөнгөлөлттэй үнээр худалдаалагдахаар бүртгэгджээ. Өмнө нь мөрдөгдөж байсан жагсаалтыг бодвол тодорхой хэмжээний эм нэмэгдэж бас хасагдсан байна. "Монос" групп эмийн компаниудын нэгдсэн "Эм" холбоонд харьяалагддаг. Гэтэл Баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын зар холбоонд орж ирээгүй. Зар ирсэн бол манайх гишүүн байгууллагын хувьд тайлбар хийхэд бэлэн байсан.

Мөн манайх руу монопол хэмээн нэлээн дайрлаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 1,800 эмийн сангийн 5 хувьд ч Моносын эмийн сангийн тоо хүрэхгүй. Өнөөдрийн байдлаар 1,037 эмийн сан ЭМД-аар үйлчилж байгаагийн 59 нь Моносын эмийн сан байна. Нийт хөнгөлийн үнийн дүнгээр авч үзвэл 6 хувийг нь манай 59 эмийн сан үзүүлж байгаа. Хөнгөлөлтийн хувь хэмжээ хүрэлцээгүй байгаа нь үнэн. Даатгалаар үйлчилж байгаа бүх эмийн сангийн санхүүжилт эхний гурав хоногтоо л дуусчихдаг.

Жижиглэн худалдаа хийдэг эмийн сан 20 гаруй хувийн зардалтай байдаг учраас бөөний төвийн үнэ дээр 25-30 хувийг нэмээд жижиглэнгийн үнэ гардаг" хэмээн ярилаа.

М.Одгэрэл: Манай үйлдвэрийн Амоксициллин эм үйлдвэрээс 1,080 төгрөгөөр гардаг
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Монос эмийн үйлдвэр хариуцсан гүйцэтгэх захирал М.Одгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Манайх импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой, олон улсын стандарт баримталдаг үйлдвэр. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тул импортлогчдын эрх ашиг хөндөгдөх нь зүйн хэрэг. Үүнтэй холбоотойгоор зөвхөн "Монос" гэлтгүй дотоодын эмийн үйлдвэрүүд рүү чиглэсэн дайралтууд ирсээр байдаг. Энэ удаад тайлбар хийхээс аргагүй нөхцөл үүссэн учраас мэдээлэл хийж байна.

Юуны өмнө сэтгүүлчид, иргэдээсээ манай үйлдвэр дээр ирж, танилцаач ээ гэж хүсье. Энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт манай үйлдвэрийн үүд хаалга нээлттэй байх болно.

Д.Цэндээхүү доктор манай үйлдвэрийн Амоксициллин гэдэг эмийг нэр цохоод 9,500 төгрөгөөр худалдаалах гэж байна хэмээн ярьсан. Үүнийг шинэ жагсаалт дээрээс харвал, манай үйлдвэрлэж байгаа Амоксициллин байхгүй. Манай үйлдвэрийн Амоксициллин эм үйлдвэрээс 1,080 төгрөгөөр гараад, эмийн сангуудаар 1,600 орчим төгрөгөөр худалдаалагддаг" гэлээ.

Тус группийн зүгээс "Үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд иргэдийн эрүүл энхийн төлөөх үйлст ёс зүйтэй, хариуцлагатайгаар тууштай ажиллаж, чанартай шилдэг эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэхэд онцгой анхаарч ирсэн.

"Монос" группийн эсрэг үндэслэлгүй, судалгаагүй, баримт нотолгоогүй хэт нэг талыг барьсан олон нийтийг төөрөгдүүлсэн сөрөг, худал мэдээллийг олон нийтэд мэдээлж, түгээсэн явдалд гүнээ харамсаж байна.

Монос Эмийн үйлдвэр нь Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөл, Фармакопейн хорооноос шаардагдах стандарт, зөвшөөрлийн дагуу түүхий эдийг ашигладаг юм. Мөн Их Британ болон АНУ-ын түүхий эдийн стандартын дагуу дэлхийн аль ч эм үйлдвэрлэгч түүхий эд хэрэглэдгийн адил Монос Эмийн үйлдвэр мөрдөн ажилладаг.

Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг нийт эмийн сангийн 4 хувь нь Монос Эмийн сан байдаг нь монопол гэж үзэх үндэслэлгүй болно" хэмээн албан мэдээлэлдээ дурджээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.