2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
00:00
S31
-15°
01:00
S31
-15°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S29
-16°
06:00
S29
-17°
07:00
S29
-17°
08:00
S29
-16°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-13°

Хүүхдүүдийн ойлголтыг өөрчилж, эергийг түгээсэн СУРАГЧ СОЛИЛЦОО

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN

-Өдрийн сурвалжилга-

Хонхны дуутай зэрэгцэн Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургуулиар орлоо. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэмээх тодотголтой тус тусгай сургуульд өнөөдөр БЗД-ийн 14 дүгээр сургуулийн ахлах ангийн гурван сурагч ирж, нэг өдрийн хичээлд сууж байгаа юм. Мөн 55 дугаар сургуулийн хоёр сурагч 14 дүгээр сургууль руу явсан байлаа.

 

55 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч Б.Очирсүрэн “Хоёр хүүхдээ хүргэж өгөөд саяхан ирлээ. Манайд ирсэн гурван хүүхдийг практик голлосон хөтөлбөртэй ангид оруулсан. Манай хүүхдүүд юу суралцдагийг үзэж байгаа байх” гэсээр угтсан юм.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас санаачлан сурагч солилцооны өдрийг зохион байгуулсан нь энэ.

Зэргэлдээ байрлалтай энэ хоёр сургуулийн хүүхдүүд бие биеэ харж, гудамж, талбайд тааралддаг хэдий ч сурагч солилцооны өдрийг зохион байгуулж байгаа нь анх удаагийнх ажээ. Хүүхдүүдэд нэгнээ таньж мэдэх, ойлгох боломжийг олгосон сурагч солилцооны өдрөөр 55, 14 дүгээр сургуулиар очсон юм.

"Тэгш хамруулан сургах хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй хүүхэд ЕБС-руу шилжсэн ч бараг бүгдээрээ буцаад ирсэн"

Уураг тархинд үүссэн тогтонги өөрчлөлтийг оюуны бэрхшээл хэмээн тодорхойлдог бөгөөд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг. Ийм бэрхшээлтэй болон дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэгтэй, тархины саажилттай хүүхдүүд 55, 25, 63, 70 дугаар сургуульд суралцаж байна.

55 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч Б.Очирсүрэн “БСШУСЯ тушаал гаргаж, энэ хичээлийн жилээс "Тэгш хамруулан сургах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Энэ тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд сургаж болно хэмээн заасан. Ер нь нэг ангид 1-2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж болно гэсэн хуулийн  заалт байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл хүүхдүүдээс сурах зүйл их байдаг. Ядаж л нийгэмшил, харилцааны тал дээр ахицтай. Хүүхдээ ЕБС-д сургах уу, үгүй юу гэдэг нь эцэг, эхийн эрх. Яамнаас гарсан журамтай холбоотойгоор энэ жил 10 гаруй хүүхэд ЕБС-руу шилжсэн. Гэхдээ бараг бүгдээрээ буцаад ирж байна. Буцаад ирж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд "Багш хүүхэдтэй маань ажиллаж чадахгүй байна, хүүхэд хичээлээ дийлэхгүй байна, орчин нь болохгүй байна, бусад хүүхдүүд хүүхдийг маань шоолж, дээрэлхэж байна" гэх шалтгаануудыг хэлж байгаа.

Бидний хувьд ЕБС-руу явж байгаа хүүхдүүд маань 12 дугаар анги төгссөн гэрчилгээтэй болох боломжтой гэдэг утгаар нь дэмжээд явуулдаг. Гэсэн ч дээр дурдсан хүндрэлүүд гарч байгаа. Үүнд ЕБС-ийн багш нарыг бас буруутгах арга байхгүй. Бага ангийн багш бэлтгэдэг сургуульд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар хичээл ордог. Харин дунд, ахлах ангийн багшаар суралцагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаарх кредит цагтай хичээл заадаггүй. Үүнээс гадна анги дүүргэлтийн тоо харьцангуй өндөр. 40-50 хүүхэдтэй харьцаж байгаа багш хүүхэд бүртэй тулж харьцах боломжгүй” хэмээн ярилаа.

Тусгай сургуулийн багш нар хүүхэд тус бүрийн онцлогоос хамааран өөр өөр хөтөлбөрөөр хичээлээ заадаг байна. Хүүхэд бүр өөр өөр хөтөлбөрөөр хичээллэж байгаа хэдий ч хүүхдүүдийг хүнд, хөнгөн бэрхшээлтэй хэмээн ялгадаггүй. Учир нь хүнд хүүхдүүд хөнгөнөө дагаад хөгжиж байдаг бол хөнгөн нь хүнд хүүхдүүдээ дэмжиж, туслан суралцах үр дүнтэй байдаг аж. Түүнчлэн анги дүүргэлт 12-15, хамгийн ихдээ 18 хүрдэг учраас багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтойг Б.Очирсүрэн багш хэлж байв.

Хуульд заасны дагуу оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль хүүхдүүдийг есдүгээр анги төгсгөх боломжтой. Гэвч тусгай сургууль төгссөн хүүхдүүд цааш суралцах боломжтой гэж үзсэн учраас 55 дугаар сургууль 2001 оноос мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

14 дүгээр сургуулиас сурагч солилцоогоор ирсэн Б.Нархажид, Д.Бүрэнжаргал, Н.Мөнхмандах нар талх, нарийн боовчин бэлтгэх ангийн хичээлд суугаад завсарлах үед ангиар нь орсон юм. Гал тогоо, хичээлийн танхим хоёр нь залгаа ангид хичээл нь оржээ. Өнөөдрийн хичээлээр зүрхэн хэлбэртэй кекс хийхийг сурч байгаа хэмээн багш хэлсэн бөгөөд хүүхдүүд зуурмагаа зуурч дуусаад, амраах зуур хоорондоо танилцаад амжжээ.

Ангийн хүүхдүүд, хичээлийнхээ талаар хүүхдүүд ийн ярилаа.

 

11 дүгээр ангийн сурагч Б.Нархажид “Хичээлийн эхний цаг дээр нарийн боов хэрхэн хийх талаар үзлээ. Хичээлийн цагийн эхний 5-10 минутад онолын мэдлэг өгөөд үлдсэн хугацаанд практик дээр ажилладаг юм байна. Энэ ангийн хүүхдүүд маань хичээлдээ их идэвхтэй оролцдог, их хичээж байгаа нь ажиглагдсан” гэхэд  Д.Бүрэнжаргал “Практик дээр хийж байгаа нь хамгийн сонирхолтой байлаа. Энэ ангид маань аутизмтай, дауны хам шинжтэй, болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг юм байна. Ер нь бол харилцахад эелдэг байлаа. Эхэндээ жоохон ичээд байсан. Удалгүй нийтэч, нээлттэй болчихсон” хэмээн ярив.

Харин 10 дугаар ангийн сурагч Н.Мөнхмандахын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх төсөөлөл нь эрс өөрчлөгдсөнийг хэлсэн юм. “Сурагч солилцоогоор явна гэж мэдээд тулгуур эрхтний ч юм уу эсвэл хэл ярианы, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байх болов уу гэж төсөөлөөд ирсэн. Төсөөлснөөс өөр байлаа” гэсэн юм.

Хүүхдүүдийн зуурсан кексний зуурмагийг 90 минут амраах ёстой тул тэр хооронд Нархажид, Бүрэнжаргал, Мөнхмандах нар сургуулийн дээвэр дээрх хүлэмжинд ажиллаж, цэцэрлэгжүүлэлтийн ангид очиж, мөн зочид буудлын үйлчлэгчийн ангийн дадлагын танхимыг ч үзээд амжсан юм.

“Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд 9 дүгээр ангиа төгсөөд МСҮТ-д суралцаж, мэргэжил эзэмшдэг бол хүнд болон хүндэвтэр хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэрт нь байлгахаас өөр сонголтгүй болдог. Тиймээс манай сургуулийнхан нэлээд хөөцөлдсөний эцэст "Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн ахлах ангийн сургалтын хөтөлбөр"-ийг 2018 оны наймдугаар сард батлуулан, хүүхдүүдэд ахлах ангид нь чадвар олгохыг зорьж, боломжтой хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгох бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа” хэмээн Б.Очирсүрэн багш ярилаа.

55 дугаар сургууль тогооч, нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгч, компьютер операторчин, цэцэрлэгч, ногоочны мэргэжлээр чадвар олгох сургалтын хөтөлбөртэй бөгөөд 25, 63, 70 дугаар сургуулийг төгссөн хүүхдүүд ирж суралцах болсон байна.

Гэсэн ч нэг хүндрэл байгаа нь 55 дугаар сургуулийн ахлах ангид буюу мэргэжил олгох сургалтад гурван жил хамрагдсан хэдий ч мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөх эрх зүйн орчин байхгүй гэнэ. Тиймээс салбарын яамандаа хандаж, мэргэжлийн үнэмлэхний хамгийн доод түвшний чадамжийн гэрчилгээ ч болтугай олгодог болох асуудлыг хөөцөлдөөд эхэлжээ. Учир нь ажил олгогчид сургуулийн гэрчилгээг мэргэжил эзэмшсэн гэх баталгаа хэмээн үздэггүй тул ажилд ороход хүндрэл учирдаг байна.

"Эцэг, эхчүүд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгмийн идэвхтэй харилцаанд оруулмаар байна” гэдэг"

55 дугаар сургууль дээр хичээлийн гурван цагийг дамнан саатаад 14 дүгээр сургуулийг зорив. 4,000 гаруй сурагчтай, 200 гаруй багш ажилчинтай “том айл”-ын нийгмийн ажилтан Г.Манд багш “Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүүхэд суралцдаг учраас багш нарынхаа, хүүхдүүдийнхээ хандлагыг өөрчлөхөөр нэлээд ажиллаж байгаа. Тиймээс өнөөдөр 55 сургууль руу 11 дүгээр ангийн хоёр, 10 дугаар ангийн нэг гээд сургуулийн олон нийтийн байгууллагад ажилладаг хүүхдүүдээ сонгож явуулсан. Учир нь хүүхдүүд маань эргэж ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар орчин нөхцөлд суралцаж байна, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг юм бэ, хэрхэн тэдэнтэй ижил түвшинд харилцаж, найз нөхөд болох вэ гэдгийг мэдэж ирээд бусадтайгаа хуваалцаасай гэх үүднээс тэдгээр хүүхдүүдийг сонгосон юм” гэсээр угтлаа.

 

Ингээд 55 дугаар сургуулийн сурагч н.Оргил, н.Судар-Очир нарын хичээллэж буй ангид очив. Тэд шинэ ангийнхандаа өөрсдийгөө танилцуулж байлаа. Спортоор хичээллэдэг, чамбай хүүхдүүд болох нь өөрсдийгөө танилцуулж байгаагаас нь харагдана.

Оргил энэ оны гуравдугаар сард Дубайд болсон Тусгай олимпын есдүгээр наадамд агаарын теннисний төрөлд оролцон, хүрэл медаль хүртээд иржээ. Дубайн цаг агаар, хоттой танилцсанаа, тэмцээний тоглолт бүрд хэрхэн тоглосноо ярьж, медалийн тоглолтын сэтгэл хөдлөлөө хуваалцахад ангийнхан нь нижигнэтэл алга ташина.

 

Харин тун чамбай байрын Судар-Очир зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр суралцаж байгаа ажээ. Тэрбээр хичээл дээрээ үзсэн анхаарах гол зүйлс юу байдгийг ангийнхандаа нэг бүрчлэн тайлбарлаж өгөв. Ангийнх нь хүүхдүүд ч анхааралтай ажиглана. Өрөөнд ороод юуг шалгах, юуг цэвэрлэх талаар нэг бүрчлэн тайлбарлах нь хичээлдээ үнэхээр сонирхолтой, мэрийлттэй болохыг нь илтгэж байлаа.

Үргэлжлүүлэн монгол хэлний хичээл орж, хүүхдүүд багаар ажиллан ярилцана. Ангийнхан нь Оргил, Судар-Очир хоёртой ярилцахыг хичээж, тэд ч мөн харилцаа тогтоохын тулд сонирхсон зүйлсээ асууцгааж байв. Бас нэг хэсэг нь шинэ найзууддаа зураг зурж, тарахаас өмнө дуусгаад бэлэглэх гэж байгаа хэмээн яарч байсан юм.

“Манай сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авч сургахад цааргалах зүйл байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ манай сургуульд сургахаар хандаж байгаа эцэг, эхчүүдийн хувьд “хүүхдээ нийгмийн идэвхтэй харилцаанд оруулмаар байна” гэдэг. Гэтэл ЕБС-ийн стандартад багш ангийнхан 30, 40 хүүхдийг жигд сургах ёстой. Мөн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах, ажиллах талаар ойлголт л өгч байгаа болохоос хичээл заах хэмжээний мэдлэг олгох сургалтад хамрагддаггүй.

Сонсголын бэрхшээлтэй хүүхэд манай сургуульд орно хэмээн хандлаа гэж бодоход манай сургуульд дохионы хэлтэй нэг ч багш байхгүй. Энэ мэт хүндрэлүүд гарна. Манай сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг хүүхэд 1 дүгээр ангиасаа эхлээд дөрвөн жил суралцаж байгаа. Тэр ангиа байнга нэгдүгээр давхарт хичээллүүлдэг. Энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авахад дэд бүтэц шаардлагатай. Гэтэл сургуулиудад гадна байрлах налуу шатнаас өөр юм байхгүй” хэмээн Г.Манд багш учирлаж байв.


Хичээлийн нэг өдрийг хоёр сургуулийн хичээлийн танхимд өнгөрүүлэх энэ үйл ажиллагааны явцад хүүхдүүд бие биеэ ойлгох, таньж мэдэх гэж хичээж байгаа нь ажиглагдсан. Ийнхүү хүүхдүүд ойлголцоод, хамт суралцах хандлага бий болж, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч дэд бүтэц буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тохижилт ЕБС-уудад байхгүй. Мөн ЕБС-ийн багш нарын хувьд ч ачаалал ихтэй, багш бэлтгэх сургуульд хөгжлийн бэрхшээтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар хичээл байхгүй гэх мэт асуудлууд байсаар байна.

x