Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хайнань мужийн топ шүүгч Хятадын Коммунист Намаас хөөгдөж, авлигын хэрэгт шийтгүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нөхөртэйгээ хамт бизнесийн томоохон группыг байгуулаад байсан Хайнань мужийн ардын дээд шүүхийн дэд даргыг Хятадын Коммунист Намаас хөөж, яллахаар болсныг Бямба гарагт мөрдөн байцаагчид мэдээлжээ.

Шүүгч Жан Жяхуй нь нөхөр болон хүүгийн хамт албан тушаалаа ашиглан 1.9 тэрбум юаний ($270 сая) хөрөнгөтэй болоод байсныг шалгалтын явцад тогтоосон байна.

Түүнийг бас шүүх үйл ажиллагаанд нөлөөлсөн, бусдаас авлига авсанд буруутгажээ.

Жан Жяхуйг намаас хөөж, хэргийг нь прокурорт шилжүүлэхээр болсон байна. Энэ оны дөрөвдүгээр сард шүүгчийн нөхөр Лю Яншэнтэй холбоотой хэргийг шалгах явцад Жан Жянхуйн их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байгаа дүрс бичлэг илэрсэн юм.

Лю Яншэн нь мөн шүүгч байсан хүн бөгөөд 1990-ээд оноос эхлэн гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн компани байгуулж, бизнес эрхлэх болжээ. Орон нутгийн хоёр бизнесмэн шүүгчийн гэр бүлийн эсрэг гомдол гаргаснаар энэ бүхэн илэрсэн юм.

Жан, Лю нар бизнесийн янз бүрийн салбарт нийт 26 компанитай болоод байжээ. 2017 онд тэд албан ёсоор гэр бүлээ салгасан нь үнэндээ хөрөнгө орлогын хэмжээгээ нуух арга байсан гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post