Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооны ард гар утас хэрэглэж байгааг таньдаг камерыг дэлхийд анх удаа Австрали улс хэрэглэж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Австралийн Нью Соут Уэльс мужид өчигдрөөс эхлэн гар утас хэрэглэж буй жолоочийг таньдаг камерыг авто зам дагуу ашиглаж эхэлжээ.

Энэ арга хэмжээ нь дэлхийд анхны тохиолдол болж байгаа юм. Хиймэл оюуны технологид суурилсан камер нь жолооны ард гар утас хэрэглэж буй зөрчлийг таних чадвартай ажээ.

Нью Соут Уэльс мужид зөвхөн “hands-free” буюу гар оролцуулалгүй утсаар ярихыг жолооны ард зөвшөөрдөг бөгөөд бусад бүх төрлийн гар утасны хэрэглээг хориглодог.

Тус муж даяар энэ он гарсаар 329 хүн авто ослын улмаас амиа алдсан байна. 2018 онд энэ тоо 354 байжээ. Мужийн захиргаа ослын хэмжээг 2021 онд 30 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд үүнд шинэ камер туслана гэж найдаж байгаа юм.

Шинэ систем нэвтэрснээс хойш эхний гурван сард зөрчил гаргасан жолооч нарт зөвхөн анхааруулга өгөх ажээ. Үүнээс хойш анхааруулалгүй шууд торгож эхлэх ба торгуулийн хэмжээ 344 австрали доллар ($232), сургуулийн орчимд 457 доллар ($310) болж нэмэгдэх гэнэ.

Аль ч тохиолдолд жолооч нар жолоо барих эрхийн онооноосоо хасуулах ажээ.

 

Эх сурвалж: Reuters