Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний цөөнхийн нөхцөл байдалд алсын хараатай хандаж, Эх хэл дээр суурилсан хос хэлний хөтөлбөр боловсруулахыг үүрэг болголоо

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 1
iKon.MN
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг эх орны баруун бүсэд ажиллаад ирлээ.

Тэрбээр эхлээд Баян-Өлгий аймагт ажилласан юм. Салбарын сайд БСШУСЯ-ны зарим бодлогын газар, харьяа байгууллага, тус аймгийн удирдлагуудын хамт Өлгий хотын хоёрдугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын хоёр, тавдугаар сургуулиудын үйл ажиллагаа, шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, бодлого шийдвэр хамгийн алслагдмал аймагт хэрхэн хэрэгжиж байгааг биечлэн үзэв.

Энэ онд салбарын сайд үндэстний цөөнхөд чиглэсэн таван чухал шийдвэр гаргасанд, тухайлбал казах хэл заах арга зүйн сургалтыг 30 жилийн дараа зохион байгуулж, 500 багшийг хамруулсанд багш нар талархалтай байлаа.

М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт болсон салбарын сайдын уулзалтад Баян-Өлгий аймгийн 13 сумын 43 сургууль, 45 цэцэрлэгийн удирдлага, багш нар, соёл, спортын байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо. Сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын яамнаас дэвшүүлсэн гурван зорилтын хэрэгжилтээ тайлагнаж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй гол ажлуудаа танилцуулав.

 

Сум орон нутаг, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын удирдлагууд засвар, хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн бол багш, сурган хүмүүжүүлэгчид хос хэлний сургалтын арга зүйг боловсронгуй болгож, зарим мэргэжлийн багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэхэд анхаарч ажиллахыг сайдад уламжилж байлаа. Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа сурагчдын дотуур байр, цэцэрлэгүүдийн орчин нөхцөлийг стандартад нийцүүлэх асуудлыг үг хэлсэн олон төлөөлөгч хөндөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ үндэстний цөөнхийн нөхцөл байдалд судалгаатай, алсын хараатай хандаж Эх хэл дээр суурилсан хос хэлний хөтөлбөр боловсруулахыг Боловсролын хүрээлэнд үүрэг болголоо.

САЙД Ё.БААТАРБИЛЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАВ

 

Сайд Ё.Баатарбилэг үргэлжлүүлэн Увс аймагт ажиллаж, Улаангом хотын "Ойрад" театрт уулзалт хийлээ. Уулзалтад Увс аймгийн бүх сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдлага, аймгийн номын сан, музей, театрын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулж, Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, багшийн ном, цахим журналын журам, уралдаан тэмцээн, олимпиадыг хязгаарлах шийдвэр, "Би багш" уралдаант нэвтрүүлэг зэрэг багш мэргэжлийн нэр хүндийг өсгөж, ачааллыг бууруулах чиглэлд дорвитой ажлууд хийж байгаад багш нар салбарын сайддаа талархал илэрхийлж, цаашид анхаарах олон саналыг хэлэв.

Салбарын сайд хэлсэн үгэндээ "Ажил, үүрэгт нь байхгүй ажилд дайчлахыг хориглосон. Хичээлийн цагийн 40 минут багшийн мэдэлд байх ёстой. Сум, сургуулийн удирдлага ч саад болох ёсгүй" гэдгийг онцлов. Мөн соёл, спортын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав.

ТАРИАЛАНГИЙН БАГШ, СУРАГЧИД "БАХАРХЛЫН ӨРГӨӨ"-ТЭЙ БОЛНО

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол бахархлын өдрөөр Увс аймгийн Тариалан суманд ажиллаж, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Урлагийн авьяастнууд, эрдэмтэн төгсөгчдөөрөө бахархдаг Тариалангийн сургууль 80 жилийн ойгоо угтаж "Бахархлын өргөө"-тэй болох төслөө танилцуулсныг салбарын сайд дэмжихээ илэрхийллээ. Мөн шинээр баригдах цэцэрлэгт шаардлагатай эд зүйлс, тоног төхөөрөмжийг сайдын багцад багтааж шийдвэрлэнэ гэв.

Монгол соёлын өв бий биелгээгээрээ алдартай Хотон ястны өлгий Тариалан сумын дунд сургуулийн сурагчид "Чингис" дуугаар мэндчилж, бий биелгээн үзүүлбэрээр бэлэг барив.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам