Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятадыг холбосон анхны автозамын гүүр баригдаж дуусжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2020 оны хавар албан ёсоор нээгдэх төлөвлөгөөтэй байгаа Орос, Хятадыг холбосон анхны автозамын гүүр бэлэн болсныг ОХУ-ын албаныхан өчигдөр мэдээлжээ.

Амар мөрний дээр баригдсан 518 метр урттай гүүр нь ОХУ-ын Благовешенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбож байгаа юм.

Гүүр байгуулахад нийтдээ $295 саяыг зарцуулсан бөгөөд авто болон төмөр замын хоёр хэсэгтэй. Төмөр замын гүүрийн ажил ирэх оны гуравдугаар сард дуусахаар байгаа гэнэ.

Шинэ гүүр нь хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, жилийн турш найдвартай тээврийн урсгалаар хангах зорилготойг төслийн баримт бичигт дурджээ.

Үүнээс гадна Орос, Хятадын иргэдийн соёлын харилцааг дэмжих зорилготой гэнэ.

Москва, Бээжингийн удирдагчид бүр 1988 онд хоёр орныг холбосон авто замын гүүр байгуулах санааг ярьж эхэлжээ. Улмаар 1995 онд гэрээ байгуулсан бол барилгын ажил нь дөнгөж 2016 оны арванхоёрдугаар сард эхэлж байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар маргааш буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг нээх төлөвлөгөөтэй байгаа.

3,000 км урттай уг хоолойгоор ирэх 30 жилийн хугацаанд Сибирээс Хятадын зах зээлд их хэмжээний байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулагдаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters, Russia Today