Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухааны салбарын шилдэг судлаачид тодорлоо

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 30
iKon.MN

ШУА-иас  эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс  дахин олгохоор болжээ.

Ингэхдээ ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг байна.

Энэ жил  “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд зургаан хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ.

Эдгээр судлаачдаас ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус тодорлоо.

Дашрамд дурдахад, ШУА-иас олгодог энэхүү шагнал 11 жил завсардаад байсан юм. Энэ үеэр мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж  шинжлэх ухааны салбарын зарим эрдэмтэн судлаачдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.

 

“Шилдэг судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн нь МУИС-ийн Байгалийн ухааны Факультетийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн.

“Ширмэн бүтээгдэхүүний физик химийн судалгаа” сэдвээр химийн ухааны магистрын зэрэг,  МУИС-ийн Хими, физикийн хамтарсан эрдмийн зөвлөлд “Протон солилцооны мембрант түлшний элементийн процессийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч,  тус хүрээлэнд 25 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.   

Доктор Г. Сэвжидсүрэн нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд физикийн ухаанаар 2 магистр, физик, химийн ухаанаар 2 докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна.

Тэрбээр БСШУСайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл  хэрэгжүүлсэн, Литийн ионы батарейн 2 лаборатори шинээр байгуулсан, ашигтай загварын гэрчилгээ авсан, “ШУТИнноваци-2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-тай, ЕБС-ийн Физик 1, 2 номын редактораар ажиллаж, хэрэглээнд нэвтрүүлсэн, 2 магистр, 2 доктор удирдан хамгаалуулсан, сүүлийн 5 жилд 30 гаруй ЭШӨ хэвлүүлснээс ОУ-ын IF сэтгүүлд 15-ыг хэвлүүлсэн, ишлэлийн тоо 34 байна. 

 

“Шилдэг залуу судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц. Золзаяа нь 2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд  “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ХХТХүрээлэнд 11 дэхь жилдээ ажиллаж байна.

Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүй нь зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал:

  • Хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна
  • Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай
  • Бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага зэргийн дурдаж болохоор байна.

Ажиллах байх хугацаандаа номын бүлэг 1, патент 2, стандарт 2, ЭШӨ 17, үүнээс гадаадад 8,  эрдэм шинжилгээний илтгэл 19, үүнээс гадаадад 8, технологийн заавар 2-ийг гаргасан бүтээлтэй байна.

 

Эх сурвалж: ШУА