Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японы ерөнхий сайд асан эрхэм 101 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Британийн ерөнхий сайд Маргарет Тэтчер, Германы канцлерь Хелмут Коль, АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, Японы ерөнхий сайд Ясухиро Накасонэ нар

Япон улсын ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хашсан хүмүүсийн нэг Ясухиро Накасонэ 101 насандаа таалал төгссөнийг өнөөдөр тус улсын эрх баригч намаас мэдээлжээ.

Тэрээр 1982-оос 1987 онд Япон улсын ерөнхий сайдаар ажиллаж, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейгантай дотно нөхөрлөж явсан юм.

Накасонэ өөрийгөө дэлхийн хоёрдугаар дайны дараа батлагдсан Японы үндсэн хуулийг өөрчилж, үндэсний зэвсэгт хүчинтэй болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй тухай харамсан ярьж байжээ.

Тэрээр дайн гарвал Японы арлууд бүхэлдээ АНУ-ын “живдэггүй нисэх онгоц тээвэрлэгч” болж, Зөвлөлтийн тэнгисийн флотыг сөрж зогсох болно гэж Рейганд амласан нь тухайн үед хэвлэлээр шуугиан тарьж байв.

Накасонэ бас Японы батлан хамгаалах зардлыг үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хувиас хэтрүүлдэггүй байсан бичигдээгүй хуулийг анх удаа зөрсөн ерөнхий сайд гэгддэг.

 

1983 онд тэрээр Өмнөд Солонгост албан ёсоор айлчилсан Японы анхны ерөнхий сайд болж, 1910-1945 оны колоничлолын түүхтэй холбоотой хоёр орны хүйтэн харилцаанд өөрчлөлт авчирч байв.

Накасонэ бас шулуун задгай үгнээсээ болж шүүмжлүүлдэг хүн байжээ.

Тухайлбал 1986 онд тэр АНУ-д амьдардаг хар арьстнууд, Пуэрто Рикачууд, Мексикчүүдийн оюуны чадвар Америкийн ерөнхий IQ дунджийг Японы дунджаас бага болгодог тухай ярьж, шүүмжлүүлж байв.

Накасонэ дотооддоо маш олон шинэчлэлт хийж, Японы төмөр зам, тамхины үйлдвэрлэл, харилцаа холбооны монополийг задалж чадсан хүн гэгддэг.

Гэхдээ түүнийг Японы эдийн засгийг өсгөх боломжийг алдсан хүн гэж шүүмжлэх нь бий.

1918 оны тавдугаар сарын 27-нд Токио хотод чинээлэг модны наймаачны гэрт мэндэлсэн Накасонэ Токиогийн их сургуулийг дүүргэж, дайны дараа цагдаагийн албанд ажиллаж байжээ. Тэрээр хоёр охин, ганц хүүтэй хүн бөгөөд хүү Хирофуми Накасонэ нь улс төрч юм.

 

Эх сурвалж: Reuters