Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын k-pop дуучин хүчингийн хэргээр зургаан жилийн хорих ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Жун Жүүн Ён гуравдугаар сард байцаалт өгөхөөр цагдаагийн газарт ирээд байхдаа

Өнөөдөр Өмнөд Солонгосын шүүх хүчингийн хэрэг үйлдэж, видео бичлэгийг нь бусадтай хуваалцсан k-pop дуучинд зургаан жил шоронд хорих ял оноожээ.

Яллагдагч 30 настай Жун Жүүн Ёныг энэ оны гуравдугаар сард баривчилж байв. Түүнтэй хамтран хэрэг үйлдсэн “FT Island” хамтлагийн гишүүн асан 30 настай Чой Жон Хүүнд өнөөдөр бас таван жилийн хорих ял оноожээ.

Тэд охид бүсгүйчүүдийг согтоосны дараа хүчиндэж буй дүрс бичлэгээ чат сүлжээгээр хоорондоо хуваалцан үздэг байсныг Сөүлийн шүүхээс гаргасан ялын дүгнэлтэд өгүүлсэн байна.

Үүнээс гадна эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орохдоо нууцаар дүрсийг нь бичиж авдаг байсныг мөрдлөгийн явцад тогтоожээ.

Дуучин залуус дүрс бичлэг хуваалцан үздэг байснаа хүлээн зөвшөөрсөн ч хүчингийн хэрэг үйлдээгүй, бүх харилцаа нь зөвшилцлийн үндсэн дээр байсан гэж мэдүүлсэн байна.

Хорих ялаас гадна яллагдагч тус бүрт бэлгийн хүчирхийллийн талаар боловсрол олгох 80 цагийн хичээлд суух шийтгэл оноожээ.

“Шүүгдэгчид нь олонд танигдсан нэр хүндтэй хүмүүс боловч харилцаж байсан чатнаас нь харвал тэд эмэгтэй хүнийг сэксийн хэрэгсэл төдий харж, ноцтой гэмт хэрэг үйлдсэнийг тогтоолоо. Эмэгтэйчүүдэд учруулсан хохирлыг бүрэн барагдуулах боломжгүйгээс гадна хохирогчид хатуу шийтгэл шаардсан тул зохих ялыг оноож байна” гэж шүүгч Кан Сён Су дүгнэлтийг уншиж танилцуулжээ.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын нэр хүндийг унагасан олон хэрэг дараалан гараад байна. Сүүлийн сар орчим хугацааны дотор хоёр дуучин бүсгүй онлайн орчны дарамт шахалтыг тэвчилгүй дараалан амиа хорлосон юм. Мөн Big Bang хамтлагийн гишүүн асан Сүнри гадаадын хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгч зуучилсан хэрэгт шалгагдаж байна.

 

Эх сурвалж: Reuters