Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс 4 тэрбум долларын нөөцтэй. Цаашид нэмэгдүүлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас санаачилсан “Гадаад валютын нөөц” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Манай улсын хувьд 4.02 ам тэрбум ам.доллар гадаад валютын нөөцтэй байгаа юм. Нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бүх талын арга хэмжээг авч ажиллахаа Монголбанкны төлөөллүүд хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. 

"2020 оноос төлөгдөх томоохон өр төлбөрүүдтэй холбоотойгоор гадаад валютын нөөц нь хүрэлцээтэй өндөр түвшинд байх шаардлагатай"
 
Гэрэл зургийг MPA.mn

Эхний салбар хуралдаанд гадаад валютын нөөцийн хүрэлцээ сэдвээр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал Б.Энхжин тавьсан илтгэлдээ "2020 оноос төлөгдөх томоохон өр төлбөрүүдтэй холбоотойгоор гадаад валютын нөөц нь хүрэлцээтэй өндөр түвшинд байх шаардлагатай. Манай улсын хувьд эдгээр өр төлбөрийг нэг дор бүгдийг нь төлөх боломж байхгүй. Иймд Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй арга хэмжээ авч ажиллана" гэдгийг мөн хэлэв. 

2019 оны аравдугаар сарын байдлаар ГВУН 4.02 тэрбум ам.долларт хүрсэн ба импортын төлбөрийг дараах байдлаар хангаж байгаа аж. 

  • Валютын төлбөрт барааны импортын 8.2 сарын төлбөр
  • Валютын төлбөрт бараа болон үйлчилгээний импортын 6.6 сарын төлбөр

График 1.  Гадаад валютын улсын нөөц

 
Эх сурвалж: Монголбанк

Гадаад валютын нөөц нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл шууд хамааралтай байдаг. 

Монголбанкнаас өгч буй мэдээллээр энэ оны есдүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 264 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ онд ашигтай гарна гэсэн хүлээлттэй байгаа аж.

Ингэснээр гадаад валютын нөөц тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой байна. 

Харин төлбөрийн тэнцэл сайжрахад чухал нөлөөтэй зүйл нь урсгал дансны алдагдлыг бууруулах явдал.

Монгол Улс сүүлийн 10 гаруй жилийн турш ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний урсгал дансны алдагдалтай явж байна. Энэ нь манайх шиг хуримтлал багатай орны хувьд байдаг үзэгдэл. Цаашид энэ урсгал дансны алдагдлыг цэвэр өр зээлээр санхүүжүүлээд явахад зохимжгүй гэдгийг мөн хэлэв.

"Дэлхийн эдийн засаг саарч байна"
 
гэрэл зургийг MPA.mn

"Дэлхийн эдийн засаг саарч байгаа. Үүнд нь бүтээмж, саарч буй үзэгдлийг арилгах бодлогын орон зай нь төсөв, мөнгөний бодлого тал дээрээ хумигдмал байна.

Эдийн засгийн гадаад эрсдлийн тухайд хөгжсөн орнуудын хувьд хөрөнгийн болон корпорейт зах зээл байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд өрийн асуудал,  хөрөнгийн гарах урсгал дээр байна. Дээрээс нь  худалдааны маргаан, нийгэм, байгаль орчны асуудлууд буюу геополитикийн асуудлуудд байна" хэмээн Монголбанкны мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл тавьсан илтгэлдээ ярьсан юм.

Гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг тооцох олон улсад түгээмэл ашиглагддаг уламжлалт гурван төрлийн харьцаа бий.

  1. Нөөц, импортын харьцаа (3 сар)
  2. Нөөц, богино хугацаат гадаад өрийн харьцаа (100%)
  3. Нөөц, мөнгөний нийлүүлэлтийн харьцаа (20%)