Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй боллоо"

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн асуудлаар Эм хангамжийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байгаа юм. Уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг Эм хангамжийн холбооныхон мэдэгдсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү "Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болж байна. Учир нь импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь Монос компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна. Жишээлбэл, Монос компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9,500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3,450 төгрөгөөр үнэлсэн байгаа юм.

Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй.

Мөн уг жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсан хэр нь импортлогчдын оруулж ирдэг хугацаа нь дуусах болоогүй эмүүдийг хассан байна.

Даатгалаар эм худалдаалах эрх авсан эмийн сангууд 1-3 сая төгрөгийн квоттойгоор үйл ажиллагаа явуулдаг учраас сарын эхний хэдхэн өдөрт квотондоо хүрчихдэг. Иргэд, өндөр настнууд дугаарлаж эмээ авдаг. Гэтэл Монос компанийн эмийн санд хэдэн тэрбумаар нь квот өгч байна.

Ирэх Даваа гарагаас мөрдөгдөх гэж байгаа энэ жагсаалтын мэдээллийг бид энэ сарын 28-нд олж харлаа. Тиймээс эмийн сангуудын төлөөлөл мэдээлэл хийж, жагсаалтаа өөрчлөхийг шаардаж байна" гэлээ.

"Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг ЭМ-ийн сайд баталлаа"
 
Гэрэл зургийг mpa.mn
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоол гаргаж Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг бөгөөд уг жагсаалтад заасан үнэ нь тухайн үнийг худалдаалах дээд үнэ байхаар заасан байдаг.

"Эрүүл Мэндийм Даатгалаас Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон эм авахад Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг Эрүүл мэндийн сайд баталлаа.

Моносын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмнээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож байна" хэмээн хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид хэлж байв.

Ирэх сарын 1-нээс хэрэгжих шинэчлэн баталсан Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.