Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ нацистуудын хуйвалдааныг Италийн цагдаа илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Италийн цагдаагийн газар тус улсад Нацист нам байгуулахаар бэлдэж байсан 19 хүнийг баривчилснаа өчигдөр зарлажээ.

Орон даяар явуулсан “Хар сүүдэр” нэртэй баривчлах ажиллагааг Сицилийн Калтаниссетта дүүргийн прокурорын газар удирдаж, галт зэвсэг, тэсрэх бодис, хас тэмдэгтэй зурагт хуудас, туг далбаанууд, Адольф Хитлер, Бенито Муссолини нарын тухай ном зохиолуудыг сэжигтнүүдийн гэрээс хураасан байна.

Баригдсан этгээдүүд Италийн Үндэсний Социалист Ажилчны Нам нэртэй цэвэр нацист үзэлтэй байгууллага байгуулахаар бэлдэж байжээ.

Тэд зөвхөн Италид үйл ажиллагаа явуулаад зогсохгүй Британи, Португалын нацистуудтай холбоо тогтоосныг илрүүлсэн байна.

Нацистуудын удирдагч нь хойд Италийн Падуа хотод оршин суудаг төрийн албан хаагч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 50 настай эмэгтэй байжээ.

Өөр нэг 26 настай эмэгтэй баривчлагдсан нь “Miss Hitler” нэртэй онлайн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч байсан гэнэ. Тэрээр наймдугаар сард Португалын нийслэлд болсон хэт барууны үзэлтнүүдийн хуралд оролцон үг хэлж байжээ.

Нацистуудын зэвсэгт бүлгийн сургагчаар Калабриагийн томоохон мафи Ндрагентагийн дээд зиндааны гишүүн асан хүн ажиллаж байсныг мөн баривчилсан байна.

Тэдний гэрээс цагдаа нар Италийн зүүнтний төлөөлөгч Эммануэл Фиано, жүүд иргэдийн төлөөлөл Лаура Бодрини гэсэн хоёр парламентын гишүүнийг доромжилсон утгатай зурагт хуудаснууд олжээ. 

Сүүлийн жилүүдэд Европ даяар цагаачлалын эсрэг, жүүдийн эсрэг антисемитист үзэл дэлгэрч байгаа бөгөөд Итали улс ийм үзэгдлийн нэг гол төв болоод байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian