Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эммануэл Макрон: Орос, Хятад хоёр NATO-гийн дайсан биш, харин терроризм мөн

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт NATO-гийн гишүүн орнуудын удирдагчид Лондон хотод уулзах гэж байна.

Энэ үйл явдлыг угтуулан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус эвслийн стратегийг шинэчлэхийг уриалжээ.

“Манай дайсан өнөөдөр Орос уу? Хятад уу? NATO-гийн зорилго тэдэнтэй дайсагнах юм гэж үү? Би тэгж бодохгүй байна” гэж Макрон өчигдөр Парис хотод NATO-гийн нарийн бичгийн дарга Иенс Столтенбэргтэй хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Тэрээр “Бид бүгдийн дайсан өнөөдөр терроризм болоод байна. Бүх улс оронд энэ аюул заналхийлж байна” гэж хэлжээ.

Энэ сарын эхээр Эммануэл Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай түншлэх хүсэлтэйгээ зарлаж, Европын холбоотнуудаа сандаргаж байв.

Өмнө нь тэр NATO хэмээх байгууллага өөрийн тархигүй болсныг зарлаж маргаан үүсгэсэн бөгөөд үүнийхээ төлөө уучлал гуйхаас татгалзжээ.

“Европын энх тайван, Дунд тусгалын зэвсгийг хориглох гэрээ цуцлагдсаны дараах нөхцөл байдал, Оростой харилцах харилцаа, Туркийн маргаан, хэн нь дайсан бэ? зэрэг олон асуудал шийдлээ олоогүй байгаа энэ үед бид зардлаа хэрхэн хуваалцах тухай яриад ч хэрэггүй юм” гэж Макрон хэлсэн байна.

“Тиймээс бид сэрэх цаг болсон. Миний хэлсэн үг холбоотнуудыг маань сэрээсэнд би баяртай байгаа. Бид бүгдээрээ одоо стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй. Би бусдыгаа сэрээх үүрэг гүйцэтгэсний төлөө уучлал гуймааргүй байна” гэж Францын ерөнхийлөгч ярьжээ.

Тэр бас NATO-гийн гишүүн мөртлөө Оросоос зэвсэг худалдаж авсан Турк улсыг энэ үеэр шүүмжилсэн байна.

Макроныг ярьж дууссаны дараа Столтенбэрг хэлэхдээ “Манай холбоотнуудын дунд санаа бодлын зөрүү байгаа нь нууц биш. Гэхдээ ийм нөхцөл байдaлтай тулгарах бүртээ даван туулж, нэгдсэн шийдэлд хүрч чаддаг нь NATO-гийн хүч чадал юм” гэжээ.

 

Эх сурвалж: Reuters