Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп талархлын баярыг Афганистанд тэмдэглэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп талархлын баярын өдөр Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ.

Айлчлалын талаар Цагаан ордон нууцалж байсан бөгөөд ерөнхийлөгчийн онгоцонц явсан сэтгүүлч нар газардах хүртэл мэдээлэл задруулахгүй байх үүрэг хүлээсэн байна.

Афганистанд байрлаж буй цэргүүдтэйгээ уулзаж, тэднийг цацагт хяруулын махаар дайлсан Трамп тус улсын ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзжээ.

Трамп ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээсээ хойш хоёр дахь удаагаа дайны нөхцөлд байгаа улс оронд зочилсон нь энэ юм.

Тэрээр өмнө нь өнгөрсөн зул сарын баяраар Иракт гэнэтийн айлчлал хийж, цэргүүтэйгээ уулзаж байжээ.

Цэргүүдтэй 2.5 цагийг хамт өнгөрөөсөн Трамп дараа нь Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсан байна. Уулзалтын дараа Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Талибан хөдөлгөөнийхөн бидэнтэй тохиролцоо хийх хүсэлтэй байгаа. Тэд хүсвэл бид гэрээ байгуулна, хүсэхгүй бол байгуулахгүй. Аль ч тохиолдолд бидэнд асуудал байхгүй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард Вашингтоны засаг захиргаа Талибантай энхийн гэрээ байгуулахад ойрхон болоод байсан ч эцсийн мөчид бүтэлгүйтсэн юм.

Дональд Трамп эх орондоо улс төрийн хүнд сорилттой тулгараад байгаа цаг үед энэхүү айлчлал болж байна. Ардчилсан Намынхан олонх болдог АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим түүний эсрэг импичментийн ажиллагаа эхлүүлээд байгаа. Трампыг өнгөрсөн зун Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм. Тэрээр улс төрийн өрсөлдөгч Жо Байдентай холбоотой дуулианыг шалгахыг Украины ерөнхийлөгчөөс хүсээд түүнд шахалт үзүүлэхийн тулд Киевийн засгийн газарт олгох зэр зэвсгийн тусламжийг барьцаалсан гэгдэж байгаа.

Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн байнгын хороо арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах нийтийн сонсголдоо Трампыг биечлэн оролцуулахаар уриад байна.

Импичментийн үйл явц гүнзгийрч Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас огцруулах магадлал бага. Учир нь эцсийн шийдвэрийг гаргах сенатын танхимд Трампын Бүгд Найрамдах нам олонх болж байгаа юм.

Одоогоор Бүгд Найрамдахчуудаас импичментийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн улс төрч гараагүй байна.

 

Эх сурвалж: Businees Insider