Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Үндэсний Ассамблейн даргад бараалхав

ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
 

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Үндэсний Ассамблейн дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын спикер Чуан Лийкпай-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бангкок хот дахь Парламентын ордонд бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Эрхэмсэг ноён Чуан Лийкпайд энэ онд Тайланд Улсад болсон парламентын сонгуулийн үр дүнд эмхлэгдэн байгуулагдсан Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргээд түүнийг Тайландын парламентыг даргалах хугацаанд хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэдгээрийн Тамгын газар хоорондын уламжлалт найрсаг хамтын ажиллагаа улам идэвхжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Мөн тэрээр шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн танхим дахь Тайланд-Монголын парламентын найрамдлын бүлгийг ойрын хугацаанд байгуулахад анхаарахыг ноён спикерээс хүсэв.

 
 

Ноён Чуан Лийкпай энэ онд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд хоёр талын харилцаа, тэр дотроо парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Тэрбээр цааш нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбатыг Тайланд Улсад 1994 онд албан ёсны айлчлалаар ирэхэд нь Ерөнхий сайдын хувиар хүлээн авч байснаа дурсахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт түүний мэндчилгээг уламжлахыг хүссэн юм.

 

Эх сурвалж: ГХЯ