Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн ерөнхийлөгч төрийн зарим албан тушаалыг хиймэл оюунаар солих даалгавар өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо 2020 онд тус улсын төрийн албан тушаалын хоёр зэрэглэлийг устгаж, оронд нь хиймэл оюунтай систем ажиллуулах даалгаврыг засгийн газрын яам, агентлагуудад өнөөдөр өгсөн байна.

Өнгөрсөн сард хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Видодо зүүн өмнөд Азийн хамгийн том зах зээлтэй Индонез улсын эдийн засгийг түүхий эдийн экспортоос хамааралгүй болгож, өндөр технологийн аж үйлдвэрлэлд шилжүүлэх зорилготой байгаа юм.

Тэрээр өнөөдөр өглөө шинэ бүрэн эрхийнхээ таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан байна.

Энэ үеэр Видодо төрийн хүнд суртлыг арилгах үүднээс өнөөдөр байгаа төрийн албан тушаалын дөрвөн зэрэглэлийг 2020 онд хоёр болгон бууруулахаар төлөвлөж байгааг танилцуулжээ. Хасагдсан хоёр зэрэглэлийн албан тушаалд хүн биш, хиймэл оюунтай машин ажиллах гэнэ.

Гэхдээ Видодогийн шийдвэр тус улсын парламентаас дэмжлэг авсны дараа хэрэгжих боломжтой болно.

Видодогийн эрх баригч эвсэл Индонезийн парламентын суудлын 74 хувийг эзэлдэг тул шийдвэрээ хэрэгжүүлэх боломж өндөр юм.

 

Эх сурвалж: Reuters