Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп “гоёмсог” цээжээрээ гайхуулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урьдчилж төлөвлөлгүйгээр Вашингтоны гадна орших эмнэлэгт очсон тухай мэдээ хэвлэлүүдийн анхаарлыг татаад байна.

Зарим томоохон хэвлэлүүд Трампын зүрх муудсан тул гэнэт эмнэлэгт үзүүлэх хэрэг гарсан гэж мэдээлж байв.

Энэ оны хоёрдугаар сард Трамп жил тутмын эрүүл мэндийн үзлэгтээ орсон бөгөөд жингийн илүүдэлтэй ч биеийн байдал хэвийн гэсэн дүгнэлт гарсан юм. Тэрээр түргэн хоол, махтай хоол зооглох дуртай ч гольф тоглохоос өөрөөр дасгал хөдөлгөөн бараг хийдэггүй.

Одоо 73 настай Трамп биеийн эрүүл мэндийнх нь талаар асуудал хөндөгдөхөд их эмзэг ханддаг. Өчигдөр Трамп твиттер хуудсандаа фотошопоор эвлүүлсэн зураг нийтэлсэн нь хэвлэлээр гарсан дуулианд хариу өгсөн хэрэг байв.

Уг зураг дээр Трампын толгойг Силвестер Сталлонегийн дүрд нь тоглосон мэргэжлийн боксчны бие дээр залгасан байна.

Дээрх зургийг тараахаасаа өмнө тэр Флоридад сонгогчидтойгоо уулзахдаа ямар зорилгоор эмнэлэгт очсон тухайгаа тайлбарлажээ. Трамп жил тутмын эрүүл мэндийн үзлэгээ хугацаанаас нь өмнө өгөхөөр очсон тухай Цагаан ордон өмнө нь тайлбарлаж байв.

Харин Флоридад үг хэлэхдээ тэр эмч нар цээжийг нь хараад шагшин магтаж байсан тухай бахархалтайгаар ярьжээ. “Эрхэм ээ, та цамцаа тайлж, сайхан цээжээ бидэнд үзүүлнэ үү. Бид ийм гоёмсог цээжийг огт харж байгаагүй”гэж эмч нар өөрт нь хэлсэн тухай Трамп гайхуулан ярьсан юм.

Трампын эвлүүлсэн зургийг шүүмжлэгчид нь элэглэн шоолж байгаа бол дэмжигчид нь сошиал хуудсаараа түгээн тарааж байна.

 

Эх сурвалж: AFP