Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баяртсайханы гаргасан ДОЛООН АЛДАА ба Б.Лхагвасүрэнгийн авах сургамж

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаас нь чөлөөлж, төвбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсон билээ. 

Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласан гурван жил гаруйн хугацаандаа Н.Баяртсайханы гаргасан долоон гол АЛДАА юу байсныг эргэн сануулъя. Гэхдээ түүнийг буруутгах гэж биш, шинээр ажлыг нь авсан дараагийн ерөнхийлөгч дахин бүү алдааг давтаасай хэмээн сануулж буй. 

НЭГ. Саарал жагсаалт

Манай улсад бохир мөнгө угаагаад гаргах эрсдэл өндөр байгааг ФАТФ буюу мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага 2017 онд анхааруулж зөвлөмж өгсөн. Харамсалтай нь өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлууд хангалтгүй байсан төдийгүй үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны салбарыг хянах тогтолцоо огт байхгүй, хууль зүйн зөвлөгөө өгдөг фирмүүд, нотариатчид хэрэглэгчдээ таних оролдлого хийдэггүй зэрэг дутагдал байсаар байгаа нь 2019 онд Монгол Улсыг Саарал жагсаалтад орох шалтгаан болов.

Харин нэгэнт угаасан мөнгө банкуудаар дамждаг. Гэтэл дэргэдээ Санхүүгийн мэдээллийн алба байгуулсан хэрнээ хангалттай сайн ажиллаагүй хэмээн УИХ үзэж  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцон огцруулсан. Тиймээс Монголбанкны шинэ ерөнхийлөгч энэ дутагдлыг засах нь хамгийн чухал ажил нь байх болов уу.

ХОЁР. Төв банкны үнэт цаас

Монголбанк 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг хязгаарлахгүй хэлбэрээр 7 хоногийн Даваа гараг бүрт зохион байгуулж банкууд дээрх бэлэн мөнгийг татах болсон. Монголбанкны бодлогын хүү бол 11%. 

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мөнгөний нийлүүлэлтээ дэмжих ёстой байтал Монголбанк нэг гараараа иргэдийн зээлийг хумьж, нөгөө гараараа банкууд дахь бэлэн мөнгийг татсан. Тиймээс банкуудад зээл гаргахын оронд ТБҮЦ худалдан авч, мөнгөө 11%-ийн хүүтэй хадгалахад хүргэв. 

2018 оны сүүлчээр ТБҮЦ-ны өрийн үлдэгдэл 2016 оны сүүлчтэй харьцуулахад 10 дахин өсөж, 4.2 их наяд төгрөг болсон буюу төв банк сар бүр 50 орчим тэрбум төгрөгийг банкуудад хүү болгон төлж байна гэсэн үг.

ГУРАВ. Капитал банкны дампуурал

Төлбөр гүйцэтгэх чадваргүй болж, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Тухайн үед банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг буюу нийт зээлийн багцын 80%-тай тэнцэх хэмжээнд хүрч, хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг зарлаж байв. 

Ийм нөхцөл байдал ганц хоногийн дотор үүсэхгүй нь тодорхой. Харин Монголбанк цаг алдалгүй арга хэмжээ аваагүй төдийгүй банкны үйл ажиллагаа хэвийн хэмээн мэдээлж, иргэдийг төөрөгдүүлсэн нь ноцтой алдаа болсон. Үр дүнд нь Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум төгрөг үгүй болсон бөгөөд Хөгжлийн банк л гэхэд 57 тэрбум төгрөгийн хохирол хүлээх эрсдэлд ороод буй.

ДӨРӨВ. Инфляц

Аливаа төв банкны ерөнхийлөгчийн ажлыг дүгнэх хамгийн гол үзүүлэлт нь хэрэглээний үнийн индекс буюу инфляц.

Тодруулбал, төв банкны үндсэн зорилт нь төгрөгийн болоод банк санхүүгийн салбарын тогтвортой байдал. Мөн эдийн засгаа тэтгэн дэмжих ёстой тухай хуульд нь бичээтэй. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь инфляцын нам, тогтвортой байдал буюу Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, худалдан авах чадварыг хэлнэ. 

Харин Н.Баяртсайханаар ахлуулсан Монголбанк мөнгөний бодлогоороо 8% буюу хэт өндөр инфляцыг онилсон. Ажиллах явцдаа 2%-тай байсан инфляцыг өнөөдөр Улаанбаатар хотод л гэхэд 10%-д хүргээд буй

Үр дүнд нь иргэд жил болгон орлогынхоо 10 хувийг зөвхөн үнийн өсөлтөд алдахад хүргэж байгаа юм. Тухайлбал, жилд Монголын эдийн засагт эргэлддэг нийт мөнгөний хэмжээг 20 их төгрөг гэж тооцвол үүний 10% нь худалдан авах чадвараа алдаж байна гэсэн үг. Жилд 2, гурван жилд 6 их наяд төгрөг салхинд хийссэнээс өөрцгүй билээ. 

График 1. Хэрэглээний үнийн индекс

ТАВ. Төгрөгийн тогтвортой байдал

Монголбанк төгрөгийн ханшаа алдсан нь маргашгүй үнэн. Ялангуяа, Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгч болмогцоо хамгийн түрүүнд хийсэн буруу мэдэгдлээсээ болж ам.долларын ханш төгрөгийн эсрэг 500 орчим төгрөг нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд түүнийгээ засаж чадалгүй огцорсон билээ. Хэдийгээр түүний удирдсан Монголбанк валютын нөөцийг 4 тэрбум ам.долларт хүргэж чадсан ч төгрөгийн ханшаа хамгаалж чадаагүй юм. 

Түүний томилогдсон 2016 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэл төгрөг 40 орчим хувиар суларсан байна.

Хамгийн хариуцлагагүй нь Монгол Улсын төсөв ашигтай, эдийн засгийн өсөлттэй, валютын нөөц арвижсан гэх үед нь ТӨГРӨГИЙН ханш ийнхүү унасан гэдгийг санах хэрэгтэй. 

График 2. Ам.долларын ханшийн өсөлт буюу төгрөгийн уналт 

ЗУРГАА. Ипотекийн зээл

Ипотекийн зээл бол нийгмийн дундаж давхаргад орон сууцтай болох, цаашлаад урт хугацааны хуримтлал үүсгэж, ажилтай, хариуцлагатай амьдрах замыг эхлүүлээд зогсохгүй инфляцыг нам дор түвшинд барих түлхүүр болсон чухал хөтөлбөр байв. Харин ОУВС-ийн зөвлөмж нэрээр энэхүү зээлийг хумьсан нь Монголбанкны нэг том алдаа байлаа. Монголбанк зээлийн эрэлтэд нийцүүлэн санхүүжилтээ нэмээд, харин 8%-ийн хүүг инфляцдаа уялдуулан өөрчилсөн бол эдийн засгийн үзүүлэлтүүд арай өөр үр дүнтэй байж болох байсан болов уу.

График 3. Ипотекийн зээл хамрагдсан иргэдийн тоо болон олгосон санхүүжилтийн хэмжээ

ДОЛОО. Хэрэглээний зээл

Монголбанк ипотекийн зээлийг хумьсан хэрнээ хэрэглээний зээлд зохицуулалт хийлгүй хэт их хэмжээнд хүргэсэн. Иргэдэд олгосон зөвхөн хэрэглээний зээл 1.2 их наяд төгрөг хүртэл өсөж байв. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээл хумигдаж, автомашины импорт огцом нэмэгдсэн. Энэ нь эргээд инфляц, валютын ханшид сөргөөр нөлөөлсөн.

Цаг алдан зохицуулалт хийсэн ч иргэд өндөр хүүтэй ББСБ-ын зээлээр хэрэгцээгээ хангах болсон нь буруу бодлогын нэг үр дүн байв.    

График 4. Хэрэглээний зээл

 

График 5. Монгол Улсад импоорт орж ирсэн суудлын автомашины тоо болон үнийн дүн (2011-2019 оны аравдугаар саруудын үзүүлэлт)

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.