Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэг өдөр хичээснээр 15-20 хүний эрүүл мэндийг аварч, зам тээврийн 250 орчим ослоос сэргийлж чадна”

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас жил бүр зохион байгуулдаг "Хичээх өдөр" маргааш тохиож байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх, цаашид зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулахад энэ өдрийн зорилго оршдог юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Жил бүр улсын хэмжээнд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амь насаа, 2,000 гаруй хүн хөдөлмөр эрхлэх чадвараа алддаг тухай харамсалтай тоо бий.

Тэгвэл нэг өдөр хичээснээр:

  • Хоёр хүний амь нас,
  • 15-20 хүний эрүүл мэндийг аварч,
  • 250 орчим зам тээврийн осол гарахаас хамгаална. Нэг өдөр хичээснээр нэг сар, цаашлаад нэг жил хичээвэл 500 гаруй хүний амь, 2,000 гаруй хүний эрүүл мэндийг аварч чадна” хэмээв. 

Энэ оны эхний 11 сард зам тээврийн ослын улмаас 324 хүн амь насаа алджээ

2019 оны эхний 11 сарын байдлаар гарсан зам тээврийн осол, зөрчлийн талаар ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа н.Ганхуяг дараах мэдээллийг өглөө. 

Дээрх хугацаанд зам тээврийн осол, зөрчлийн холбогдолтой нийт 68,369 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөн 22,499 осол бүртгэгдэн шалгагдаж, эдгээр ослын улмаас 324 хүний амь насаараа хохирч, 1,004 хүн гэмтэл авжээ. 

Ослын шалтгааны дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлэх, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдол зэрэг нь зонхилж байгаа тухай тэрбээр мөн хэлэв. 

Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдөрт 40 орчим бүртгэгддэг. Энэ тохиолдолд жолоочийг 400 нэгжээр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасдаг байна. 

Харин энэ үйлдлийг давтан гаргавал хорих хүртэл арга хэмжээ авдаг бөгөөд цаашид хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай хэмээн албаныхан хэлж байв. 

Түүнчлэн явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарах, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргаснаар осолд өртөх тохиолдол ихсэж байгаа аж. 

Б.Лхагважаргал: 2018 онд "Хичээх өдөр"-ийг зохион байгуулахад ослын дуудлага 47.5 хувь буурсан

 
Гэрэл зургийг mpa.mn

"Хичээх өдөр"-ийг манай улс зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн онд энэхүү өдрийг зохион байгуулахад гарсан үр дүнгийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2018 онд зохион байгуулахад зам тээврийн ослын дуудлагын тоо 47.5 хувь буурч, ослын улмаас гэмтэл бэртэл авсан хүний тоо 60 хувь буурсан.

Харин 2019 онд энэхүү арга хэмжээний үеэр бүгд идэвхтэй оролцож, осол хэргийн тоог 0 байлгахын төлөө хичээцгээе гэж уриалж байна. Энэ арга хэмжээг нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой.

Дайн үе буюу 1939 болон 1945 онуудад 200 орчим амь насаа алдаж байсан тоон мэдээлэл байдаг. Гэтэл зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд 500 гаруй хүн, 2019 оны эхний 11 сард гэхэд 324 хүн нас барсан. 

Дайны үетэй харьцуулшгүйгээр хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа явдал нь иргэдэд өдөр тутмын зүйл мэт ойлгогдож, нүд чих дассан гэж болохуйц байгаа учраас Тээврийн цагдаагийн албанаас энэхүү өдрийг онцгойлон, хүн бүр хичээж байхыг уриалж, бэлтгэл ажлаа хангасан” гэв.