Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван тонн кокайн ачсан шумбагч хөлгийг Испанид илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Испани улсын эргээс холгүй шумбагч хөлөг илрүүлсэн нь гурван тонн кокайн тээвэрлэж байжээ.

Энэ нь $110 сая орчим үнэ хүрэх мансууруулах бодис юм. Испанийн баруун хойд Галициа мужийн эргээс холгүй далайн уснаас 20 метр урт хөлөг илрүүлсэн нь Европ тивд мансууруулах бодис нэвтрүүлэх зорилгоор шумбагч техник ашигласан анхны тохиолдол гэнэ.

Шумбагч хөлгийг гурав хоногийн дараа эрэгт чирч авчирсны дараа нээснээр их хэмжээний кокайн тээвэрлэж байсныг мэджээ.

Колумбын хар тамхины бүлэглэлүүд Мексик болон АНУ руу шумбагч хөлгөөр кокайн тээвэрлэсэн хэрэг өмнө нь илэрч байсан бол Европ тивд анх удаа ийм зүйл тохиолдож байгааг Испанийн цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар шумбагч хөлөг Өмнөд Америкаас ирсэн гэж үзэж байгаа ч яг хаанаас ирснийг тодруулж дуусаагүй байна. Шумбагчийг илрүүлэх ажиллагаанд Испаниас гадна Британи, Бразил, Португал, АНУ-ын нийт 240 мөрдөгч, цагдаа, тагнуулын ажилтан оролцжээ.

Мафийнхан анх 2005 онд шумбагч хөлгийг хар тамхи хил давуулахад ашиглаж эхэлсэн гэдэг. Өнөөдрийг хүртэл тэд 1,000 орчим шумбагч ашиглаж байсны ихэнх нь усны гүнд ордоггүй, хагас шумбагч ангиллын техник юм байна. Шумбагч хөлгийг илрүүлэх үед Эквадорын хоёр иргэн баривчлагдаж, гурав дахь этгээд зугтсан байна.

Галициа нь Атлантын далайн хөвөөнд оршдог маш олон нууц булан тохой бүхий нутаг тул олон жилийн турш Европ тив рүү хар тамхи нэвтрүүлэх чухал гарц болж байжээ. 1980-аад оны үед Галициагийн эмэгтэйчүүд хууль бус хар тамхи нэвтрүүлэгч орон нутгийн боссын гэрийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаар олон нийтийн анхаарлын төвд орж байв.

Испани улс өнгөрсөн онд 41 тонн кокайн илрүүлсэн үзүүлэлтээр Европын Холбоонд Бельгийн дараа орсон байна.

 

Эх сурвалж: AFP