Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Харвардын эрдэмтний үзэж байгаагаар дэлхийг нар сүйрүүлэхээс өмнө хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгана

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Нарны гадаргыг төсөөлсөн зураг. NASA

BBC сувгийн сэтгүүлч саяхан Харвардын астрономын тэнхимийн захирал Ави Лойбоос манай дэлхийн ирээдүйн хувь заяаны талаар төсөөллийг нь асууж, хариулт авжээ.

Лойб хариултаа Scientific American блогт тоймлон бичсэн байна. 

Түүний үзэж байгаагаар хэдэн тэрбум жилийн дараа нар дэлхий дээрх амьдралыг сүйрүүлэх нь тодорхой гэнэ. Нар нь цөмдөө устөрөгчийн атомыг шатааж гели болгон хувиргаж байдаг.

Өөрөөр хэлбэл секунд тутамд 600 сая тонн устөрөгч шатааж байдаг аварга зуух юм. Ингэж үүсгэсэн гелийн хэмжээ нэмэгдэх тусам нарнаас ялгарах эрчим хүч улам нэмэгдэж байдаг гэнэ.

Тэрбум жил тутамд нарны илч 10 хувиар нэмэгдэж байгаа. Энэ маягаар явсаар 3.5 тэрбум орчим жил өнгөрөхөд нарны халалт дэлхийг сүйрүүлэх хэмжээнд хүрнэ гэж Лойб бичжээ. Энэ үед нарны гэрэлтэлт одоогийнхоос 40 орчим хувиар нэмэгдэх тул далай тэнгисүүд ууршиж, агаар мандлын чийг алга болсноор дэлхий маань хуурай, халуун, амьдралгүй ертөнц болж хувирах юм.

Үүний дараа юу болох вэ? Өнөөдрөөс 4-5 тэрбум жилийн дараа нар устөрөгчөө шатааж дуусаад гелиэ шатааж эхэлнэ. Ингэснээр дахин нэг тэрбум жилийн турш нарны хэмжээ томорсоор аварга том улаан биет болж хувирна. Энэ үед нарны атмосфер Ангараг гарагийн тойрог зам хүртэл тэлж, Буд, Сугар гарагуудыг залгих ажээ.

Манай дэлхий ч энэ үед наранд залгиулна гэж астрономич төсөөлсөн байна. Энэхүү зайлшгүй сүйрлээс аврагдахын тулд хүн төрөлхтөн өөр гараг эрхэс рүү нүүхээс өөр аргагүй болох гэнэ. Гэхдээ Ави Лойбын төсөөлж байгаагаар хүмүүс өөрийн биологийн хуулбарыг бий болгоод аварга том гараг хоорондын хөлөгт дайж сансрын уудамд илгээхээс өөр сонголт байхгүй гэнэ.

Гэхдээ энэ нь тухайн үед амьд байгаа хүмүүсийг аврах тухай асуудал биш, хүн төрөлхтний удмыг таслахгүй байх зорилготой байх гэнэ. Ингэж хувилсан биологийн материал нь сансрын уудамд аялсаар амьдралыг тэтгэх боломжтой гараг олж, хүн төрөлхтний үрийг цацах ёстой ажээ.

Гэхдээ Ави Лойб тайлбарынхаа төгсгөлд нар дэлхийг сүйрүүлэхээс өмнө, бүр өөр гарагт шилжих нүүдэл эхлэхээс өмнө хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгах магадлал өндөр гэж бичсэн байна.

“Нарны сүйрлээс өмнө манай соёл иргэншил өөрийгөө устгах зүйл хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гээч? Өнөөдрийг хүртэл бид хэд хэдэн амьдрал байх боломжтой гараг нээсэн ч тэдгээрт амьдралын ул мөр олдохгүй байгаа нь ямар ч өндөр хөгжилтэй соёл иргэншлийн нас од гарагийнхаа наснаас хамаагүй богино байдаг гэсэн ойлголт төрүүлж байгаа юм” гэж тэр тайлбарлажээ.

Ави Лойб нь харь гарагт амьдрал байгаа, байсан гэдэгт итгэдэг хүн юм. 

Хоёр жилийн өмнө “Оумуамуа” гэж нэрлэгдсэн од хоорондын (интерстеллар) биет манай нарны аймгийг нэвтлэн өнгөрөхөд түүнийг харь гарагийн хөлөг байх магадлалтай гэсэн таамаглал яригдаж байсан. Энэхүү онолд итгэгчдийн нэг нь Ави Лойб юм байна.

 

Эх сурвалж: Business Insider