Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн ардчиллыг хамгаалах хуулийг Дональд Трамп баталлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газраас олон удаа анхааруулж байсан ч Хонг Конгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр баталжээ.

“The Hong Kong Human Rights and Democracy Act” нэртэй уг хуулийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгресс хэлэлцэж дэмжээд байсан юм. Хуулийн дагуу АНУ-ын засаг захиргаа жил бүр Хонг Конгийн автономит статус хангагдаж байгаа үгүйг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгодог болно. Өөрөөр хэлбэл Хонг Конгийн бие даасан байдал алдагдсан гэж үзвэл эдийн засгийн хориг тавих юм.

Үүнээс гадна Хонг Конгийн өөртөө засах эрх, ардчилалд хор хүргэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг АНУ-ын төрийн департмент хар жагсаалтад оруулж шийтгэх эрхтэй болж байна.

Хуулийг баталсныхаа дараа Трамп “Ши Жиньпин дарга, Хятад улс, Хонг Конгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс би энэ хуулийг баталлаа” гээд талууд үзэл бодлын ялгаагаа арилгаж, урт хугацаанд тогтвортой хөгжиж цэцэглэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна Трамп “Protect Hong Kong Act” хэмээх нэртэй хуулийг өчигдөр баталсан нь АНУ-д үйлдвэрлэсэн нулимс асгаруулагч хий, резинэн сум зэрэг зэвсэг техникийг Хонг Конг руу экспортлохыг хориглох зорилготой байв.

Хуулийн төслийг анхнаас нь Бээжингийн эрх баригчид хүчтэй эсэргүүцэж байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн Даваа гарагт Хятадын засгийн газар Бээжин дэх АНУ-ын элчин сайд Тэрри Брэнстэдэд эсэргүүцлийн нот бичиг гардуулжээ.

Уг бичигт Хонг Конгийн талаар хуулийн төслийг АНУ-ын конгресс өнгөрсөн долоо хоногт дэмжсэн нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнө нь Хятадын засгийн газар хэрвээ Дональд Трамп хуулийг баталбал АНУ-ын эсрэг хатуу хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters