Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Их гүрнүүдийн удирдагчдыг Нацистуудын халдлагаас аварсан тагнуулч 93 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Владимир Путин, Гоар Вартанян нар

1943 онд Сталин, Черчиль, Рузвельт нарыг Нацистуудын халдлагаас аварсан тагнуулч эмэгтэй өнгөрсөн Даваа гарагт 93 насандаа таалал төгсжээ.

Армен үндэстэн Гоар Вартанян нь нөхрийн хамт олон жил Зөвлөлтийн тагнуулын албанд зүтгэсэн хүн юм. Түүний шарилыг Москвагийн нэр хүндтэй Троекуровское оршуулгын газарт нутаглуулахаар болсныг ОХУ-ын тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Сергей Иванов мэдэгджээ.

1943 оны арваннэгдүгээр сард холбоотон гүрнүүдийн удирдагч нар Ираны нийслэл Тегеранд анх удаа уулзах үеэр нацистууд тэдний амийг хөнөөх төлөвлөгөө боловсруулаад байв.

1930-аад оноос Иранд гэр бүлтэйгээ амьдарч байсан Вартанян уг ажиллагааг илрүүлж, Нацистуудын төлөвлөгөөг таслан зогсоож чаджээ.

Тегеранд “Их гурав”-ын амийг хөнөөх даалгаврыг Адольф Хитлер өөрийн биеэр өгч байсан гэдэг.

 

1951 онд Вартаняны гэр бүл Зөвлөлт Холбоот Улсад буцан ирж суурьшсан юм. Тэдний гэр бүл үүнээс хойш дэлхийн хэд хэдэн оронд хүнд хэцүү даалгавар биелүүлж байсан гэдэг ч Оросын тагнуулын алба дэлгэрэнгүй мэдээллийг нь нууцалдаг.

Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнуулж байсан Вартаняны нөхөр Геворк 2012 онд 87 насандаа таалал төгссөн юм.

2017 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тагнуулын албандаа зочлох үеэр Вартаняны гэр бүлийнхний байгуулсан гавьяаг магтан сайшааж байжээ.

1986 онд тэтгэвэртээ гарсан Гоар Вартанян залуу тагнуулчдыг бэлтгэх ажилд саяхныг хүртэл зүтгэсээр байсан гэдэг.

 

Эх сурвалж: AFP