Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчийн тоогоор АНУ-ыг гүйцэж түрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хятад улс гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчийн тоогоор АНУ-ыг анх удаа гүйцэж түрүүлсэн тухай “The 2019 Lowy global diplomatic index” судалгааны тайланд өгүүлжээ.

Уг судалгаанд гадаадад хамгийн олон элчин сайд, консул, бусад дипломат төлөөлөгчийн газартай дэлхийн 61 орныг хамруулсан байна.

2019 оны байдлаар Хятад улс гадаад улс орнуудад 276 элчин сайд, дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж байгаа нь АНУ-аас гурваар илүү байжээ. Мөн 96 консулын газартай байхад АНУ-ынх 88 байна.

Гэхдээ дэлхийн улс орнуудын дипломат элч төлөөлөгч нар АНУ-д хамгийн олноор төвлөрдөг бол Хятад улс энэ үзүүлэлтээр хоёрдугаарт орж байгаа гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улс таван улс оронд элч төлөөлөгчөө шинээр нэмж суулгасан бол АНУ-ынх буурсан байна.

Тухайлбал ОХУ-тай харилцаа муудсаны дараа Санкт Петрбург дахь консулын газраа Вашингтон хаасан юм.

Өнгөрсөн хугацаанд Трампын засаг захиргаа шинэ диплоамт төлөөлөгчийн газар ганцыг ч нэмээгүй байна. Үүнээс гадна АНУ-ын гадаад дахь элчин сайдуудын суудлын 27 орчим хувь эзэнгүй, шинэ томилгоо хийгдээгүй байгаа ажээ.

Гэтэл Хятад улс энэ хугацаанд Эль Сальвадор, Буркина Фасо, Гамби, Сан Томе ба Принсип, Доминиканы БНУ-д таван элчин сайдын яам нээсэн байна. Эдгээр нь бүгд Тайваниас татгалзаж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон улсууд байжээ.

2016 онд Тайвань улс гадаад орнуудад 22 элчин сайдтай байсан бол өнөөдөр 16 болж буураад байна.

 

Эх сурвалж: The Guardian