Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Найз залуугаа амиа хорлоход хүргэсэн гэгдэж буй бүсгүй Өмнөд Солонгосоос АНУ-д иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын Массачусетс мужийн прокурорууд Бостоны коллежийн оюутан залуугийн үхэлд найз бүсгүй нь буруутай гэсэн дүгнэлт гаргаснаа танилцуулж байв.

Бостоны коллежийн оюутан 21 настай Ин Ён Юү үерхээд удаагүй байсан найз залуугаа байнга дарамталж, зовоож байсны улмаас 22 настай Александер Уртула тавдугаар сард өндрөөс үсэрч амиа хорлосон юм. Уртула нь Бостоны коллежийн төгсөх ангийн оюутан, Филиппин гаралтай залуу байжээ.

Сүүлийн хоёр сарын хугацаанд тэд хоорондоо 75,000 гаруй текст мессэж солилцсоны 47,000 гаруй нь Юүгийн илгээсэн мессэжүүд байсныг прокурорууд илрүүлжээ. Юү илгээсэн мессэждээ Уртулаг байнга дарамталж, үхэхийг шаардаж, амьд явах хэрэггүй хүн хэмээн доромжилж байсан гэнэ.

 

Уртула өмнөх найз охинтойгоо холбоотой хэвээр байгааг мэдсэний дараа ингэх болсон байна.

Юү мессэжээ бичихдээ нэг үгийг маш олон удаа давтах, том үсгээр бичих зэрэг сэтгэл зүйн дарамт үзүүлэх арга хэрэглэж байсныг баримтаар тогтоожээ.

Тэр бас Уртулагийн найзуудыг сошиал сүлжээнд блоклуулж, гар утасны GPS aшиглан хаана явааг нь байнга хянадаг байсан гэнэ.

Нэг үгээр хэлбэл Юү найз залуугаа боол болгож, сэтгэл санааны гүн дарамтад оруулсан байна.

Уртулаг амиа хорлосны дараа Юү сургуулиа орхиж, АНУ-аас төрөлх Өмнөд Солонгос руугаа буцаад байсан юм. Тэгвэл тэр прокурорын шаардлагыг хүлээн авч АНУ-д сайн дураар шалгуулахаар ирсэн байна. Өчигдөр буюу Баасан гарагт Ин Ён Юү анх удаа шүүх дээр ирж, өөрт нь тулгасан хэргийн материалтай танилцжээ.

Дараа нь тэр $5,000-ыг төлж, батлан даалтаар суллагдсан байна. Хуулийнхан Юүгийн паспортыг хураан авч, шүүх хурлыг 2020 оны арваннэгдүгээр сард товложээ.

Ин Ён Юүгийн энэ хэрэг 2014 онд мөн Массачусетст гарсан Мишел Картерын хэргийг санагдуулж байгаа юм. Мишел Картер нь гар утасны текст мессэжээр байнга дарамталж зовоосны улмаас найз залуу Конрад Рой нь амиа хорлож байжээ.

 
Мишел Картер 2017 онд шүүх хурлын үеэр

2017 онд Картер шууд бус замаар хүний амь хөнөөсөн хэрэгт шийтгүүлж, 15 сар шоронд хоригдох ял сонсож байв. Мишел Картерын хэрэг тухайн үед АНУ-ын хэвлэлүүдийн гол сэдэв болж, HBO компани энэ түүхээр “I love you, Now die: The Commonwealth Vs. Michelle Carter” нэртэй баримтат кино бүтээж байжээ.

 

 Эх сурвалж: Associated Press