Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Осстем Монгол" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд цагдаагийн алба хаагчдын шүдийг үнэ төлбөргүй эмчиллээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Аж Үйлдвэр, Худалдааны Яам-ны харьяа төрийн өмчит  "КОТРА" корпорацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас санаачлан CSR хөтөлбөр буюу нийгмийн хариуцлагын хүрээнд "Осстем Монгол" ХХК Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн  алба хаагчдын шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эмчилгээнд хамрагдах цагдаагийн алба хаагчдын тоо болон бусад мэдээллийг солилцох уулзалтын үеэр "КОТРА" корпорацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч “Хүнд нөхцөлд ажилладаг цагдаагийн алба хаагчдад БНСУ-ын “Осстем имплант” компанитай хамтран шүдний үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийхээр болсон. Шүд бол маш чухал эрхтэн бөгөөд зардал өндөртэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Энэ жилийн хувьд хоёр эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа.  Дараа дараагийн жилүүдэд олон эмнэлэгтэй хамтран ажиллаж, ажлаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа” гэдгийг онцолж байлаа.

ХУД-ийн цагдаагийн II хэлтэс 136 алба хаагчтай бөгөөд энэ удаад 64 алба хаагчийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болсон байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХУД-ийн цагдаагийн II хэлтсийндарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр “Цаг завгүй ажилладаг цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг ойлгож, үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж байгаад талархаж байна. Идэвхтэй хамрагдана” гэдгээ хэлсэн юм.

Эмчилгээг дээрх эмнэлгүүдийн монгол эмч нар хийх бол тоног төхөөрөмж, эмчилгээний материалыг “Осстем имплант” компани нийлүүлэх юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Осстем Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Бо-Хёнь “Манай компани 2015 онд байгуулагдаж 2017 оноос үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөрсөн жилээс нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн ажил хийж эхэлсэн бөгөөд Батсүмбэрийн асрамжийн газрын өндөр настнууд ам зайлагч, бага сургуулийн хүүхдүүдэд мөн бүтээгдэхүүнүүд хандивлаж байсан.

Энэ жилээс цар хүрээгээ өргөтгөн цагдаагийн алба хаагчдыг үзлэг, эмчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлж байна. Манай байгууллагатай хамтарч ажилладаг хоёр эмнэлэг буюу "Зимо", "Кутикул" эмнэлгүүдэд эмчилгээ хийгдэх юм. Бид мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сургалт болон олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг” хэмээн ярилаа.

Арваннэгдүгээр сарын 22, 23-нд Хан-Уул дүүрэг, 15-р хороонд байрлах "Зимо", Сонгино хайрхан дүүрэг, 1 хороонд байрлалтай "Кутикул" шүдний эмнэлгүүдэд үзлэг оношилгоо, эмчилгээ хийгдсэн бөгөөд цагдаагийн алба хаагчдын амны хөндийн зургийг авч, шүдний чулуу авах, шаардлагатай тохиолдолд шүд авах, буйлны үрэвслийг дарах гэх мэт эмчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан хийсэн юм.