Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сидней хот өнөөдөр агаарын бохирдлоор дэлхийд эхний 10-т багтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Австралид шатаж байгаа ойн түймрийн утаа өнөөдөр өглөө тус улсын хамгийн том хот Сиднейг агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэгч 10 хотын нэг болгожээ.

Баасан гарагийн өглөө Air Visual Global Ranking сайтын үзүүлэлтээр Сидней агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд наймдугаарт орсон байна. Энэ үед Жакарта, Шэнжэнь хотууд Сиднейгээс цэвэр агаартай байсан бол Энэтхэгийн Мумбай, Колката хотууд ойролцоо түвшинд байжээ.

Агаарын бохирдлын талаар ойлголтгүй байсан Сиднейчүүд өнөөдөр дөрөв дэх өдрөө өтгөн утаан дунд амьдарч байгаа юм.

Тус хот оршдог Австралийн Нью Соут Уэльс мужийн нутагт нийтдээ 55 түймэр ноцож байна.

Үзэгдэх орчин муу байгаагаас жолооч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг эрх баригчид анхааруулжээ. Амьсгалын замын өвчин эмгэгээс шалтгаалан эмнэлэгт ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ.

Австралид зуны улиралд ойн түймэр гарах үзэгдэл түгээмэл байдаг. Гэхдээ энэ жил зун эхлэхээс өмнө Цельсийн 40 хэм хүрч халснаас ган гачиг, хуурайшилт болсон нь түймрийн гамшгийг эрчимжүүлжээ.

Хоёр долоо хоног орчмын өмнө эхэлсэн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Австралийн хоёр мужид дөрвөн хүн амиа алдаж, 400 гаруй айлын сууц шатаад байна.

Иргэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хайнга хандаж байгаа ерөнхий сайд Скотт Моррисоны консерватив засгийн газрыг түймрийн гамшиг нэмэгдсэнд буруутгаж байгаа. Тус улс Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 онд 2005 оны түвшнээс 26-28 хувь бууруулах ёстой юм.

 

Эх сурвалж: Reuters