Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Албан тушаалтны хөрөнгө орлогоос гадна ХЭРЭГЛЭЭ, ЗАРЛАГЫГ хянах шаардлагатай байгааг онцлов

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Албан тушаалтан хөрөнгө орлогоос гадна хэрэглээ, зарлагаа мэдүүлэх шаардлагатайг төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөл онцолж байна.

Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх, дан ганц орлого, хөрөнгийг бүртгэхэас гадна зарлагын асуудлыг хэрхэн тусгах, олон улсад төрийн албан хаагчдын хөрөнгө,орлогыг хэрхэн бүртгэж, хянадаг, манай улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж, санал солилцох хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

"Албан тушаалтнуудын зарлага, хэрэглээг хянах хэрэгтэй байна гэх санал ирсээр байгаа"

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд нь тухайн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон эсэх, хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан үзэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн орлогын эх үүсвэрийг нягтлах замаар нуугдмал эд хөрөнгө, хууль бус орлогыг илрүүлэхэд анхааран ажиллаж байгаа боловч хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарим томоохон хүндрэл, бэрхшээл учирсаар байгааг АТГ-ын ХШДШХ-ийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх хэлж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "Хэлэлцүүлгийн үеэр хоёр үндсэн сэдэв дээр анхаарал төвлөрч байна. Эхнийх нь албан тушаалтны мэдүүлэгт иргэд хэрхэн хяналт тавих талаар байгаа бол дараагийн дугаарт хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох асуудал байгаа юм.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар манай байгууллага хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Гэтэл иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын зүгээс албан тушаалтнуудыг зарлага, хэрэглээг хянах хэрэгтэй байна гэх шаардлагыг тавих болсон. Төрийн албан хаагчийн цалин бага байхад жил бүр гадаадад аялаад, хүүхдүүд нь өндөр төлбөртэй сургуульд сураад байгааг хэрхэн тайлбарлах вэ гэх мэт асуултууд ирсээр байна.

Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах явцад дотоодын банкуудаас лавлагаа мэдээлэл авч чадахгүй байна. Зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаар дамжуулж банкуудаас мэдээлэл авч байгаа нь хүндрэл учруулдаг" хэмээж байв.

ХОМ-ийн хяналт шалгалтын хүрээнд албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүдийн банкны данс, гүйлгээтэй холбоотой мэдээллийг гаргуулан авах боломжийг хуульчлан тогтоогоогүй нь албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих зөрчил, нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд томоохон бэрхшээл учруулдаг байна.

Албан тушаалтнуудын хууль бус орлогыг зарлага дээр суурилан хянах нь үр дүнтэй гэв
 
Гэрэл зургийг mpa.mn

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг хянах ажлыг маш эрчимтэй хэрэгжүүлсэн орны тоонд орж, сайн жишээ болон яригддаг байсан манай улсын хувьд олон улсын жишгээс гажаагүй хэдий ч хоцрогдоод эхэлснийг Транспэрэнси Интернэшнл ТББ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од илтгэлийнхээ үеэр онцолж байв.

Мөн албан тушаалтнуудын хууль бус орлогыг зарлага дээр суурилан хянах нь үр дүнтэйг олон улсын жишээ харуулж байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед улс орнууд хамтран ажиллаж, төрийн албан хаагчдынхаа гадаад дахь хөрөнгийн хэмжээг хянах боломж бүрдүүлж байгаа юм байна.

Энэ талаар Транспэрэнси Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр "Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн учраас ХОМ-ийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар мэдээлэх үүргийг хүлээдэг.

  • НҮБ, Дэлхийн банкнаас өгч буй зөвлөмжид хөрөнгө орлогын мэдүүлгийг авахдаа:
  • Хэт хавтгайруулахгүй байх буюу өндөр эрсдэлтэй албан тушаалтнуудын мэдүүлгийг мэдээлэх,
  • Зөвхөн орлого биш зарлагыг хамт мэдээлэх/Зарлага дээр авлигын эрсдэл маш тод харагддаг/,
  • Иргэд олон нийт, судлаачид анализ дүгнэлт хийх боломжтой ойлгомжтой, дэлгэрэнгүй байдлаар мэдээлэх,
  • Ашиг хүртэгч эзэдтэй холбоотой мэдээллийг ил болгохыг зөвлөж байгаа.

Бүртгэл.мн дээрх компаниуд ардаа нэг багана нэмээд ашиг хүртэгч эздийнхээ мэдээллийг оруулах шаардлагатай байна. Компаниуд буруу, худал мэдээлэл оруулбал хариуцлага хүлээдэг байдлаар эрх зүйн зохицуулалт хийчихвэл жинхэнэ ашиг хүртэгчид ил болно. Энэ зохицуулалт байхгүйгээс болоод хөрөнгө орлогын мэдүүлэг хагас болчихоод байна гэж үзэж болно.

Манай улсын хувьд хууль эрх зүйн талаас зарим нэг өөрчлөлт оруулахгүй бол хувийн нууц, улсын нууц нэрээр маш олон хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгож чадахгүй байгаа.

Хөрөнгө орлогын мэдүүлэг авах процесс тасралтгүй хөгжсөөр байна. Тухайлбал, Украин улс мэдүүлгээ англи хэл дээр гаргадаг, оффшор данс эзэмшиж байгаа бол хөрөнгө орлогын мэдүүлгийг нь ил болгох эрх зүйн орчин бүрдсэн байна. Ингэж бусад хайлтын системтэй уялдуулсан байдлаар хөгжиж байгаа" гэв.

ХОМ гаргах нь нийтийн албан тушаалтны шударга ажиллаж байгаа гэдгээ олон нийтэд нээлттэй харуулах баталгаа нь болдог.  

 
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар "Нэг үеэ бодвол манай албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлээд сурчихлаа. Үүний хажуугаар хууль бусаар олсон хөрөнгө орлогоо хувиргах арга нь нарийсаад байна. Өөр хүний нэр дээр компани, байр, машин эзэмших тохиолдол байгаа.

Ер нь бол одоо зарлагыг хянахгүй байгаа юм биш. Өндөр дүнтэй зарлага, тогтмол зардлуудыг бол хянах боломж байгаа. Харин нарийвчилсан байдлаар зардлыг хянаж чадахгүй байгаа" гэлээ.