Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хөтөлбөртэй гэх 10 сургуулийн зургаа нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхгүй байжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN

МХЕГ-аас олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиудад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Шалгалтад "Орхон Хасү", "Сакүра", "Жет", "Орчлон", "Сингапур скүүл оф Монголиа", "Бритиш сургууль", "Улаанбаатар-Элит" олон улсын сургууль, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль, "Улаанбаатар дахь Америк", "Тэрэлж боардинг" гэсэн арван сургуулийг хамруулсан байна.

Эдгээрээс "Орчлон", "British school", "Орхон-Хасү" болон "Улаанбаатар-Элит" олон улсын сургууль л Кембриджийн хөтөлбөрт сургалт явуулах албан ёсны эрхтэй байжээ.
Харин үлдсэн зургаан сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөлгүй байсэн нь илэрсэн байна. 
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ "Эцэг эхчүүд хүүхдээ аль болох Кембриджийн хөтөлбөртэй сургуульд явуулахыг эрмэлздэг. Энэ хөтөлбөрөөр сургалт явуулахдаа тухайн улсаас нь зөвшөөрөл авсан байх ёстой бөгөөд сургалтын орчин нь зориулалтын байх шаардлагатай.

Гэвч шалгалтаар зарим сургууль Кембриджийн хөтөлбөртэй гэж өндөр төлбөрөөр сургалтаа явуулдаг ч тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байна.

Урьдчилан сэргийлэх шалгалтын үр дүнд "Орчлон", "British school", "Орхон-Хасү" сургууль болон "Улаанбаатар-Элит" олон улсын сургууль л Кембриджийн хөтөлбөрт сургалт явуулах албан ёсны эрхтэй байлаа.

Өөрөөр хэлбэл, зарим сургууль өөрийн сургалтын үйл ажиллагааг Кембриджийн хөтөлбөртэй гэж зарлан өндөр төлбөртэй байдагч зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байсан зөрчил түгээмэл илэрсэн" гэлээ.

Мөн шинээр байгуулагдаж байгаа олон улсын хөтөлбөртэй гэх сургуулиуд тийм сургалт явуулах зөвшөөрлөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас авсан байх ёстойг тэрбээр хэлсэн юм. 

Тус яам зөвшөөрлийг өгөхдөө хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр эсвэл Кембриджийн хөтөлбөртэй адилаар тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх нь нээгдсэн сургуульд л олгодог байна. Гэтэл Япон, Америк, Сингапур хөтөлбөртэй гэх мөртлөө өөрийн гэсэн байргүй, багшлах нөөц хүрэлцээгүй, албан ёсны эрхгүй сургуулиуд байгаа аж.

Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн "Тухайн сургуулиудын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нийцсэн эрх бүхий багшийн тоо хүрэлцээгүй байгаа зөрчил байгаа нь сургалтын чанарт муу нөлөө үзүүлж байна. Жил бүр БСШУСЯ-наас гаргадаг ЕБС-ийн статистикт олон улсын хөтөлбөрт сургуулиудын талаар мэдээлэл байхгүй. Тийм учраас энэ талаарх мэдээлэл иргэд, олон нийтийн дунд хаалттай байдаг.

БСШУСЯам олон улсын хөтөлбөртэй сургуулийн мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй байлгах хэрэгтэй" гэлээ.

Түүнчлэн тэдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд "олон улсын хөтөлбөртэй сургууль төгссөн" гэх бичиг баримт авдаг. Гэвч тэр нь Засгийн газрын хэлэлцээрээр батлагдаагүй, албан ёсны бус байдаг учраас дараагийн шатны сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг гэдгийг онцолсон юм.

Одоогоор зөрчил илэрсэн сургуулиудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөөд байгаа аж.