Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгчуудад Британийн иргэний харьяалал олгохыг Борис Жонсонд хандан уриалж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Хонг Конгийн хямрал гүнзгийрсэнтэй холбоотойгоор Британийн нөлөө бүхий улс төрчид тус хотын иргэдэд иргэний харьяалал олгохыг ерөнхий сайддаа хандан уриалж эхэлжээ.

1997 онд Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлж өгөхөөс өмнө төрсөн иргэд BNO (British National Overseas) хэмээх паспорттой байдаг. Энэ нь хилийн чанад дахь Британийн иргэн гэсэн утгатай бичиг баримт юм.

Британид зорчих, аялах, суралцах боломж олгодог уг бичиг баримтыг эзэмшигчид одоо иргэний харьяалалтай болох ёстой гэж зарим улс төрчид ярих болсон байна.

Саяхан эрх баригч Консерватив намын дарга асан Норман Тэббит тэргүүтэй хэсэг парламентын гишүүд BNO эзэмшигчдэд иргэний харьяалал олгоогүй түүхэн алдааг засахыг Британийн ерөнхий сайд Борис Жонсонд хандаж уриалжээ. Либерал Ардчилсан нам ирэх сарын 12-нд санал хураалт нь болох сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хонг Конгчуудад Британийн иргэний харьяалал олгох амлалтыг багтаасан анхны улс төрийн хүчин болсон байна.

Өчигдөр Борис Жонсонд нөлөө бүхий найман улс төрчөөс ирүүлсэн захидалд “BNO паспорт бол түүхэн алдаа байсан. Бусад колониудаас ялгаатай нь Их Британи улс Хонг Конгчуудын иргэний харьяалал авах эрхийг өөрсдийнх нь хүсэл сонирхлыг үл харгалзан цуцалсан байдаг. BNO эзэмшигчдийн дотор Британийн армид алба хааж байсан хүмүүс ч бий. Энэхүү чухал бөгөөд зоригтой шийдвэрийг цаг алдалгүй гаргахыг бид танаас хүсэж байна” гэжээ.

“BNO эзэмшигчдийн эрхийг нэмэгдүүлснээр түүхэн алдаагаа засаад зогсохгүй энэ хэцүү цаг үед Хонг Конг дахь Британийн иргэдэд томоохон дэмжлэг болох юм” гэж уг захидалд бичсэн байна.

2015 оны Британийн засгийн газрын тоо баримтад өгүүлснээр Хонг Конгт одоо 3.4 сая хүн BNO паспорт эзэмшдэг гэнэ. 1997 оноос өмнө төрсөн бүх Хонг Конгчууд ийм бичиг баримтыг Британийн засгийн газраас авах эрхтэй байдаг.

Гэхдээ сонгууль, Brexit зэрэг чухал үйл явдлууд давхцаж байгаа энэ үед Британи-Хятадын харилцаанд сэв суулгах зүйлийг ерөнхий сайд Борис Жонсон хийж чадна гэдэгт ажиглагчид эргэлзэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post