Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батжаргал: Сургууль, цэцэрлэгийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах арга хэмжээ авч ажиллана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд болон мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1018832971801481/
МХЕГ-ын даргын баталсан 01/102 тоот удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд  хийсэн хяналт шалгалтад мах боловсруулах, мах төхөөрөх нийт 244 аж ахуйн нэгж хамрагджээ.
Шалгалтын явцад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй зөрчил нийтлэг илэрсэн

Шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар МХЕГ-ын ХАА-н Хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал хэлэхдээ “Мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэр нь жилд 10 орчим сая бог, 1.9 сая бод, нийт 11.6 сая толгой мал төхөөрөх боломжтой гэсэн судалгаа гарсан.

Хяналт, шалгалтын явцад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй зөрчил нийтлэг илэрсэн.

Шалгалтын явцад 14 үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд таслан зогсоосон ч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлөө арилгасан зарим үйлдвэрийнх нь үйл ажиллагааг буцаан нээсэн.

Цаашдаа Мэргэжлийн хяналтын байгууллага нийтийн хэрэгцээнд буюу сургууль, цэцэрлэгт хэрэглэдэг мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар бэлтгүүлэх, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах арга хэмжээ авч ажиллана” гэлээ.

Монгол Улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр байдаг аж.
Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд нийт 32 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан
 
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал ХАА-н хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах боловсруулах нийт 186 аж ахуйн нэгжид таван чиглэлээр хяналт шалгалт хийсэн.

Мөн тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран мал төхөөрөх үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар шалгалт хийсэн.

Нийслэлийн хэмжээнд мал төхөөрөх үйлдвэрүүд нь ихэвчлэн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Хяналт шалгалтад давхардсан тоогоор 46 аж ахуйн нэгж хамрагдсан. Үүнээс 26 аж ахуйн нэгжид зөрчил илэрсэн байна.

Нийтлэг илэрч байгаа зөрчил нь ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд мал төхөөрөх үйл ажиллагааг явуулсан, тухайн мал амьтан нь гарал үүслийн гэрчилгээгүй, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй, гүний худгаас ашиглаж буй усаа шинжилгээнд хамруулаагүй байсан.

Тиймд Зөрчлийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгжүүдэд нийт 32 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зургаан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.