Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат: С.Зориг агсны хэрэгт захиалагчийн тухайд тагнуулынхан "Бидэнд хангалттай баримт байгаа" гэдэг

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 11 сарын 22
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрэг шалгах явцад эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын есөн хүн буруутгагдсан. Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад буй.

Эрүү шүүлтийн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булган хохирогчоор оролцсон юм. Тус хэргийн эргэн тойронд ямар нөхцөл байдал өрнөж байгаа талаар Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбаттай ярилцлаа.

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарыг эрүү шүүлтийн хэргээр шүүснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ямар нөхцөл байдал өрнөж байна вэ?

-Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцээгүй шийдвэр гаргасан.

Энэ нь хэргийг сунжруулах нэг нөхцөлийг бүрдүүлсэн. Уг нь хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх ёстой. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ямар асуудлыг хэлэлцэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой байгаа.

Нэр бүхий есөн шүүгдэгч өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэдэг хүсэлт гаргаж байсан. Шүүх тэр хүсэлтийг хүлээж аваагүй, цааш үргэлжлүүлсэн. Ингээд тав, зургаан хоног үргэлжилсэн шүүх хурал болсон шүү дээ. Шүүх бүрэлдэхүүн зөвхөн тэр есөн хүн гэм буруутай юу, гэм буруугүй юу гэдэг хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой байлаа.

Хэрэв гэм буруутай гэж үзэх юм бол ялын асуудал яригдана. Гэм буруугүй гэж үзвэл тэр хүмүүсийг цагаатгах асуудал яригдана. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн учраас прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн байдаг. Хохирогч нарын зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцсон. Мэдээж анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүх дээр очоод унах нь ойлгомжтой. Тэгээд унасан.

Унаад энэ хэргийг дахиж анхан шатны шүүхээр хэлэлцүүлье гэсэн магадлал гарсан. Одоо ямар байдалтай байна вэ гэвэл уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг прокурорт буцаасан асуудалтай холбогдуулаад зөвхөн прокурор эсэргүүцэл бичнэ. Ингэж,энэ асуудал шийдэгдэх ёстой.

-Улсын дээд шүүхэд. гомдол гаргах хугацаа дуусаж байгаа байх аа. Цаашид энэ хэрэг хэрхэн үргэлжлэх бол?

-Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхтэйгээр магадлал гарсан шүү дээ. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдлоо гаргаж байгаа гэж сонссон.

Гомдлыг хуульд заасны дагуу магадлалаа гардаж аваад 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гаргана. Дээд шүүх энэ хэргийг дахин 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй. 30, 30 хоног гээд яваад өгнө. Хэрэв Улсын дээд шүүхийн гаргасан тогтоол нэр бүхий есөн шүүгдэгчид таалагдахгүй бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь бий. Дахиад 30 хоног. Ингээд гурав, дөрвөн 30 хоног яригдаад байгаа биз.

Бараг дөрвөн сарын асуудал яригдах гээд байна. Ингэснээр 2020 оны дунд хүртэл хугацаа сунжрахаар байна. Гэтэл энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны есдүгээр сард дуусна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болно.

-Хохирогчдын хувьд ашиггүй, ээдрээтэй нөхцөл байдал үүсэх нь ээ?

-Хохирогчдын хувьд асуудлаа шийдүүлэхэд хугацаа маш богино байна. Хохирогч нар янз бүрийн ашиг хонжоо хараагүй. Энэ хэргийг мөрдөх шалгах шийдвэрлэх хугацаанд хүний эрх ноцтой зөрчигдсөн байна гээд ХЭҮК нь дүгнэлтээ гаргачихсан. Олон улсын парламентын холбоо хэд, хэдэн удаа дүгнэлт гаргаад байгаа.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах ёстой гэж Олон улсын парламентын холбоо, манай Хууль зүй дотоод хэргийн сайд хүртэл хэдэнтээ мэдэгдсэн. Гэтэл тэр хүмүүс гурван шатны шүүхээс ял сонсчихсон. Хэрэв тэднийг суллах ёстой гэж үзвэл гурван шатны шүүх ямар хэрэг шийдсэн болж таарах вэ?

-Олон улсын парламентын холбоо энэ хэрэгтэй холбогдуулж дүгнэлтээ гаргаад Монгол Улсын холбогдох байгууллагууд руу дүгнэлтээ явуулсан байдаг. Тэр асуудлыг УИХ-ын Түр хороо хүлээж аваад өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж байна лээ.

Ер нь энэ хэрэг явах юм уу, үгүй юм уу. Хугацаа алдаж байна гэж байсан. Тэр бол үнэн. Хугацаа алдах магадлал маш өндөр.

Олон улсын парламентын холбооны мэдэгдлээр бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг яаралтай суллаач гэдэг асуудал яригдаад байгаа. Гэтэл гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байна. Олон улсын парламентын холбоо, Монгол Улсын ХЭҮК дүгнэлтүүдээр гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа хүмүүсийг шууд суллаж гаргах боломжгүй юм. Учир нь Монгол Улсын шүүх засаглалын хараат бус байдалд нөлөөлөх болно.

-С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын дахь Түр хороо өчигдөр хуралдсан. Хурлаар юу яригдсан бэ?

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шууд суллах боломжийн талаар Түр хорооны сонсгол уулзалт болсон. Тэнд тагнуулын байгууллага, улсын ерөнхий прокурорын орлогч, нийслэлийн прокурорын орлогч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ХЭҮК, Түр хорооны гишүүд гэх мэт төлөөлөл оролцлоо. Үүн дээр хууль зүйн хувьд боломж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэх боломжтой. Энэ нь гэм буруугүй этгээдэд ял оногдуулахад хүргэсэн нөхцөл байдал бий болбол үүнтэй холбоотой хүсэлтээ хохирогч нарын өмгөөлөгч прокурорт гаргаад, прокурор дүгнэлтээ гаргаад Улсын дээд шүүх рүү явуулна.

Улсын дээд шүүх “Тийм байна. Гэм буруугүй хүмүүст ял оногдуулах нөхцөл байдал бий болсон байна” гэж үзвэл өмнөх гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгоод хэргийг прокурорт буцаана, нэг бол анхан шатны шүүх руу дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой.

Энэ тохиолдолд нэгэнт өмнөх шийдвэрүүд хүчингүй болсон учраас хохирогчдын таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж энэ асуудлыг шийдэж болно.

-Гэм буруугүй хүмүүст ял оногдуулах нөхцөл байдал бий болсон байна гэдгийг тайлбарлахгүй юу. Эрүү шүүлтийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад ингэж үзэх боломжтой юу. Эсвэл өөр нөхцөл байдал илэрсэн хэрэг үү?

-Өмнөх гурван шатны шүүх дээр хохирогч нар “Биднийг эрүүдэн шүүсэн, зодож цохисон асуудал гарсан” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнийг шүүх “Эрүүдэн шүүсэн нь нотлогдохгүй байна”гээд шүүхийн процесс үргэлжлээд явсан.

Гэтэл сүүлд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэж байгаа бичлэгүүд олон нийтэд ил боллоо. Бичлэгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжлээд ямар нэгэн эвлүүлэг биш байна гэсэн дүгнэлтээ гаргалаа. Тийм учраас тэр бичлэг өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл болно. Учир нь өмнөх хэргийг шийдсэн гурван шатны шүүх тэр бичлэгийг үзээгүй. Энэ бичлэгийг мэдэж байсан хүмүүс шүүх дээр гаргаж өгөөгүй.

Дарж хэвтсээр байгаад тэр асуудал шийдэгдсэн. Нөгөө талаар Б.Булганыг анх барьж хорихдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа, д.Амгаланбаатар гуравтай бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Жилийн дараа сулласан.

Мөрдөн шалгаад Б.Булганы хувьд энэ хүмүүстэй нийлж гэмт хэрэг үйлджээ гэдэг нь тогтоогдоогүй. Тогтоогдох ямар ч боломж байхгүй. Тийм учраас тухайн үед хэрэгт хяналт тавьж байсан прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хэргийг хэрэгсэхгүй болоод нэг жилийн хугацаа өнгөрсний дараа буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар нарын хэргийг Улсын дээд шүүхээр шийдэж дууссаны дараа Б.Булганыг буцаагаад захиалагчтай холбоотой хэрэгт яллагдагчаар татах оролдлого хийгээд чадаагүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журам зөрчигдөөд байсан.

-Б. Содномдаржаа нарын асуудал хэрхэн шийдэгдэхээс Б.Булганы эрх яригдана. Тийм үү?

-Б.Булган Б. Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгах боломжтой мэдүүлэг өгөх байсан учраас шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдсэн. Б.Булган гуайн хувьд мэдээж энэ асуудалд, энэ хүмүүст санаа зовж байгаа.

Учир нь хүмүүс хэлмэгдэх гээд байна шүү дээ. Түүгээр зогсохгүй Б.Булган гуайн хувьд өмнөх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Дээрээс нь  эрүүдэн шүүгдсэн. Энэ талаар ХЭҮК, Олон улсын парламентын холбоо зохих дүгнэлтүүдээ гаргаж байсан.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүйцэтгэсэн гэх хүмүүс гурван шатны шүүхээс ял сонсчихлоо. Одоо захиалагчийн асуудал юу болов гэж олон нийт хүлээж байна. Та бүхэн энэ талаар асууж тодруулж байна уу?

-Б.Булган гуайг анх хорих үеэс эхлээд д хэрэгт хяналт тавьж байсан прокурор, тагнуулынхан өмгөөлөгчийн хувьд би ярилцдаг байсан. Тагнуулынхан нэг л зүйлийг хэлдэг. “Нотлох баримт хангалттай” гэдэг. Би хариуд нь “Үнэхээр нотлох баримт хангалттай байгаа юм бол яагаад шүүх рүү шилжүүлдэггүй юм бэ. Яг одоо шилжүүлчих. Шүүхээр шийдүүлчихье” гэдэг.

Хариуд нь “Тэгнэ, өнөө маргаашгүй шүүх рүү шилжүүлнэ" гэж ярьсаар таван жил боллоо. Бодвол баримт байхгүй учраас шүүх рүү шилжүүлж чадахгүй байгаа.

-Б.Хурц нарыг шүүсэн зургаан хоногийн шүүх хурлын процессыг харахад хэргийг шийдвэрлэх боломж байсан уу?

-Шийдвэрлэх боломжтой байсан. Нэг бол гэм буруутай гэж үзэх, нэг бол цагаадах гэсэн ийм л хоёр шийдвэрийн аль нэгийг шүүх гаргах байсан.

Зураг