Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн урилгаас Ким Жон Ун татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Бусан хотод Өмнөд Солонгос ба ASEAN-ий дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Уг арга хэмжээнд Умард Солонгосын удирдагчийг урьж оролцуулахаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өөрийн гараар бичсэн урилгыг илгээжээ. Урилгад Ким Жон Уныг урьж, хэрвээ боломжгүй бол өөр албан тушаалтныг ирүүлэхийг хүссэн байна.

Тэгвэл өчигдөр Пёньянаас түүний урилгыг хүлээж авах боломжгүй тухай хариу мэдэгдсэн байна. Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг KCNA “Хоёр удирдагчийн Панмунжом, Пёньян, Бэкдү ууланд уулзах үеэр өгсөн амлалтууд өнөөдрийг хүртэл огт биелээгүй байна. Ийм нөхцөл байдалд хоёр орны удирдагчид дахин уулзах шаардлагагүй гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Үүнээс гадна хоёр Солонгосын харилцааг сайжруулахын төлөө гаргаж буй Мүүн Жэ Иний хүчин чармайлтыг Умард Солонгосын удирдагч ойлгож байгааг дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хугацаанд Ким Жон Унтай уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлсэн юм. Харин Даваа гарагт Пёньянаас гаргасан мэдэгдэлд “Бид зөвхөн АНУ-ын ерөнхийлөгчийг сагсуурах боломж олгохын тулд уулзах шаардлагагүй” гээд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ахиц дэвшил гарахгүй байгаад Вашингтоны эрх баригчдыг буруутгаж байв.

Жил орчим хугацаанд зөөлрөөд байсан АНУ болон хоёр Солонгосын харилцаа хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Трамп-Кимийн уулзалтаас хойш эрс муудаад байгаа.

Талууд Умард Солонгосын цөмийн зэвсгийг хураах үйл явц хэрхэн хэрэгжих тал дээр санал зөрөлдөж байна.

 

Эх сурвалж: Yonhap News