Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Чалко" тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгож бууруулснаас Гашуунсухайтын уртын тээвэр зогсонги байдалд оржээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн тээврийн нөхцөл байдал хүндэрч, тээврийн компаниуд тээврийн хөлс, тарифын уналтаас санхүүгийн хямралд орж, цаашид тээврийг хэвийн явуулах нөхцөл алдагдаж, арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар уртын тээвэр зогсонги байдалд оржээ. 

Иймд "Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалтыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулсан юм. 

"Арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс БНХАУ-ын "Чалко" компаниас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар тээврийн компаниуд мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн уртын тээврийн компаниуд сул зогсолт хийхэд хүрсэн" гэдгийг зохион байгуулагчдын төлөөлөл болох "Баянзам" тээвэрчдийн холбооны удирдлагууд уулзалтын үеэр онцолсон юм. 

“Шинэ эрмүүн” компанийн захирал Б.Цогбадрах "Гашуун сухайтын зам дээр нүүрс тээвэрлэдэг урт, богино гэсэн хоёр чиглэл байдаг. Уртын тээвэрт "Чалко" компани нүүрс худалдан авалт хийж байгаа учраас дангаараа нүүрснийхээ үнийг зохицуулдаг ба оны эхэнд тээврийн хөлсийг тонн тутамд 80 юань, оны дундуур 70 юань байлгаж байгаад гэнэт буулгасан. Тэгэхээр тээврийн хөлсний зардлаа даахгүй зогсож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Цагаан хад гаалийн бүст олон тооны машин гаалийн хашаа болон хилийн очерт гацсан байдалтай байна. Нэг жолооч л гэхэд машиндаа 10-14 хонож байж 2-3 км урагшилж байна. 

"Үйлчилгээний зогсоолын барилгын ажил 75 хувьтай явж байна"

"Эрдэнэс Монгол" компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Г.Нямбаяр "Хоёр жилийн өмнө бол машины дугаарлалт ойролцоогоор 100 орчим км үргэлжилсэн байдалтай байв. Одоогийн байдлаар очер харьцангуй багассан. "Эрдэнэс Монгол" компаниас энэ жил 20 ширхэг зогсоолыг зам дагуу хийсэн. Дээрээс нь 2,500 машины зогсоол баригдаж байгаа бөгөөд барилгын ажил нь 75 хувьтай явж байна. Энэ газар зогсоолоос гадна эмнэлэг, төрийн үйлчилгээ, зочид буудал, засварын гэх мэт үйлчилгээний зогсоол баригдаж байгаа. Төлөвлөгөө ёсоор энэ оны сүүлээр юм уу ирэх оны нэг, хоёрдугаар сард ашиглалтад орно гэж тооцож байгаа. Ингэж ашиглалтад орсноор очер дарааллын асуудал шийдэгдэнэ.

Үүнээс гадна "Эрдэнэс Монгол" компани замын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор энэ онд 48.5 км замд бүрэн хучилт хийсэн.

2017 онд нийт замын 17 хувь нь эвдрэлтэй байсан бол 2019 онд нэг хувь нь эвдрэлтэй болсон. Мэдээж хэрэг тээвэрлэлтэд үүсэж буй асуудал байгаа. Шийдэх боломжтой. Сүүлийн мэдээллээр 18.5 сая тонн нүүрс гарсан байна. Одоогийн байдлаар өнгөрсөн оноос 300 орчим мянган тонноор даваад байна. Цаашид машины тоог зохистой тоонд бууруулах шаардлага байгаа” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Зөвлөлдөх уулзалтад 50 гаруй тээврийн компанийн төлөөлөл болон холбогдох газруудын төлөөллүүд хамтран санал солилцсон юм.