Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор хоёрын тайлбар

Б.Бүлтэн, ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад хийсэн айлчлалаа тайлагнаж, Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Энэ сарын 13-18-нд Фүкүшима хотын ИТХ-ын урилгаар очсон айлчлалын тухай олон нийтийн сүлжээгээр аяллын зардлаа хаанаас авсан зэргийг асуусан тул хариулт өгөхөөр хэвлэлийн хурал хийж байгаагаа төлөөлөгч Б.Дэмбэрэл хэллээ. 

Эдгээр төлөөлөгч Фүкүшима хотын төлөөлөгчидтэй харилцаа тогтоосон 2018 оноос хойш хоёр удаа айлчлахдаа зардлаа хувиасаа төлсөн гэдгээ мэдэгдээд АТГ-т хандаж, төсвийн мөнгийг зүй бусаар ашигласан эсэхээ шалгуулах хүсэлт гаргаснаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Түүнчлэн бусад сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдөд үлгэр жишээ болно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

БЗД жил бүр 100 сая төгрөгийг гадаад томилолтын зардалд баталдаг. Энэ мөнгө яаж зарцуулагдсан тухай, гадаад томилолтын үр дүн, тайлан тавихыг албан ёсоор хүсэж буйгаа мэдэгдлээ. 

Төлөөлөгч Г.Хонгор "Фүкүшима хотын айлчлалын үеэр хоумстэй буюу ахмадууд харилцан зочилдог аялал жуучлалыг хөгжүүлэх талаар санал солилцоод ирлээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд МИАТ компанитай хамтарч, хамгийн бага зардлаар ахмадууд Япон улстай танилцах боломжийг бүрдүүлсэн" гэв.

Мэдээллийн төгсгөлд цахим мэдээллийн хэрэгслээр явж буй зурагны талаар  төлөөлөгч Б.Дэмбэрэл "Зурагны тухайд гэвэл энэ нь бид хоёр Япон улсад авахуулаад, бал сараа тэмдэглэсэн юм байхгүй. Улаанбаатар хотод Кемпински зочид буудалд авахуулсан зураг. Тухайн үед бид хоёрын таньдаг ах, эхнэр хоёрынх нь тэмдэглэлт ойн өдөр болоод бид уригдаж очсон юм. Тэнд зочин болгоны ширээ сарнайтай, ардаа love гэчихсэн, улаан дарс задалчихсан байсан. Тэгээд зургаа авахуулаад пост хийхдээ би уг нь Хонгор андтайгаа гээд оруулсан. Манай төлөөлөгчийн нэр нь Хонгор юм. Гэтэл бид хоёрыг бэлгийн өөр чиг хандлагатай гээд зөндөө мэдээлэл явж байх шиг байна. Бид хоёр хоёулаа эхнэртэй, дөрөв, дөрвөн хүүхэдтэй" хэмээн тайлбар өгсөн юм.