Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнгөнцэцэг: Театр дүүрэн агуу сэтгэлтэй хүмүүс л байна даа

ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат жүжигчин Содномцэрэнгийн Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр энэ сарын 27-ны 17.00 цагт, Монгол бахархлын өдрөөр “Есөн эрдэнийн орон” дөрөв дэх бие даасан тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт хийх гэж буй.

Сонгодог бүтээлүүдийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүрд хувирдаг тэрбээр энэ удаа зөвхөн монгол бүтээлээр, тэр дундаа эх орон, нутаг усны тухай уран бүтээлийг дагнан хүргэхээр зэхжээ.
 
-Таны тоглолт гэхээр л ари, романс дуулна гэсэн хүлээлттэй байх болж л дээ. Гэхдээ “Есөн эрдэнийн орон” дууныхаа клипийг олон нийтийн сүлжээнд түгээж, тоглолтын мэдээллээ эхлүүлсэн болохоор өөр таамагтай боллоо.

-Өөрийнхөө дуулдаг дүрийн гоцлол болон дуэтыг оруулж, 2007 онд анхны тоглолтоо хийж байлаа. Дараа нь Монгол Улс, Болгар улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баяраар хоёр дахь тоглолтоо хийсэн. Хамгийн сүүлд 2011 онд “Angel of music” тоглолт минь АСА циркт болж байлаа.

-Монгол бахархлын өдрөөр тоглож байгаа болохоор дууны сонголт, сэдэв, найруулга мэдээж энэ тэмдэглэлт өдөртэй холбогдох болов уу?

-Есөн өөр хөгжмийн зохиолчийн нутаг, эх орны сэдэвтэй есөн дууг сонгож “Есөн эрдэнийн орон” анхны цомгоо бэлэн болголоо. Тэгэхээр цомгийн баяр болгож, дөрөв дэх тоглолтоо хийж байна. Дан монгол уран бүтээлээр хийж байгаа анхны тоглолт ч гэж хэлж болно.

-Тэгвэл таныг өөрийгөө дахин шинээр нээж байна гэж хэлж болох уу?

-Ягаан театрынхаа буянаар тодорхой хүрээллийн үзэгч, сонсогчтой болсон хэдий ч намайг монгол дуу дуулдгийг мэдэх хүн нь цөөн юм болов уу гэж ажиглалаа. Заримдаа “Та чинь монгол дуу дуулдаг юм байна шүү дээ” гэж дуу алдах хүнтэй ч таарч байлаа. Тийм болохоор цомгоо дан эх орны сэдэвтэй монгол дуугаар бүтээж, түүнтэй зэрэг “Angel of music” тоглолтынхоо DVD-г хамтатган хос цомог болгон үзэгчдэдээ хүргэхээр зэхлээ.

-Анхны цомог гэж хэлж байгааг манай уншигчид харж байгаа байх. Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучид долоо хоног бүр үзэгчидтэйгээ энэ тайзан дээрээс уулзаж, жинхэнэ “амьд”, “амьтай” тоглолтыг хүргэдэг хэрнээ цомог хэвлүүлэх нь өдрийн од шиг л цөөхөн байдаг. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг гэхэд л анхны цомгоо л гаргаж байна гэж бодохоор...

-Дуучин хүн болсных хүний гар дээр тавих зүйлтэй болъё доо. Бид монгол дуугаа дуулдаг ч тэр бүр олны хүртээл болгох гээд телевиз, радио руу бариад явахгүй юм. Эндээ ажил ихтэй болоод ч тэр үү хувь уран бүтээлээ хойш тавьчихдаг.  Зогсоо зайгүй, маш ачаалалтай ажилладаг болохоор цомог ч гаргахгүй юм. Гэхдээ энд тэндээс, үзэж сонсдог хүмүүс, найз нөхөд минь намайг хурцалж, шинэ зүйл хийх эсэхийг минь хүлээж, хардаг болохоор нэг цомог гаргая, тэгэхдээ бүр тодорхой зорилго, сэдэв агуулгатай, үлдэцтэй зүйл хийе гэж бодлоо.

-Урлагаар мөнгө олъё гэсэн сэтгэлгээ та нараас минь бараг гарахгүй юм даа. Бие даасан уран бүтээлчид, эсвэл өөр жанраар дуулдаг хүмүүс бол энэ салбарт хэрхэн ашигтай ажиллах арга ухаанаа олчихож л дээ.

-Бид гол үүргээ биелүүлж, энэ тайзан дээрээс сонгодог урлагийг сонордон үзэх дуртай хүмүүстээ үйлчилсээр л яваа. Гэхдээ 2011 онд тоглолт хийснээс хойш зүгээр суусан уу гэвэл үгүй л дээ.

Өнөр өтгөн боллоо. Хоёр удаа төрсөн. Жирэмсэн байхдаа ч дуулж л байлаа. Төрөөд хүүхдээ 5-6 сар хүргээд л ажилдаа орсон. Ханийн минь ээж маш хүнд өвчтэй байлаа. Хувийн амьдралын хувьд маш их ачаалалтай он жилүүд байлаа.

Уг нь тайзнаасаа тэгтлээ их холдоогүй, ажлаа хийгээд явж байгаа хэдий ч хүмүүс яагаад таг чиг болчихов оо гээд л асууж, шалгааж, нөгөөтэйгүүр намайг хурцалж, надаас юм нэхэж байлаа. Юу хийвэл хүний санаанд хүрэх вэ, бусдаас өөр байх вэ, сайн чанартай байх вэ гэж их шаналлаа. Байнга л бодож боловсруулж байсан даа. Таны дууг сонсмоор байна гэсэн үзэгчдэдээ цомгоо ядаж сонсгоё доо. “Та нар youtube-ээс сонсоорой" гэлтэй нь биш.

Өмнө нь шууд дайраад, тоглолт хийнэ гэвэл хийчихдэг байж л дээ. Одоо харин эрсдлээ тооцохын зэрэгцээ үлдэцтэй зүйл хийх ёстой гэж бодох болжээ. Он оноор нас нэмж, туршлагажиж байгаа нь тэр байх.  

 

-Есөн хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийн зарим нь шинэ дуу байгаа байх даа?

-Яг одоо тэр есөн дуугаа шууд зарламааргүй байна. Таавар мэт байг. Та бүхэн тоглолтон дээр ирж сонсоорой. Бас 27-нд цомгоо 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдах болно.
Өмнө нь хүн дуулж байсан дуунууд ч байгаа. Гэхдээ тэр бүр нийтлэг дуулагдсан дууг сонгоогүй. Үнэхээр сайхан дуу хэрнээ нийтэд тэр бүр хангалттай түгээгүй дууг сонгохыг хичээсэн.

-Мөрөөдөл болсон дүрүүддээ дуулчихсан болохоор бие даасан дуучны хувиар ард түмэндээ илүү сайн танигдъя гэсэн хүсэл танд байгаа юу?

-Мөрөөдөж яваа зарим дүр минь мөрөөдөл хэвээрээ л байгаа.

-Тэр дууриуд нь Монголын театрын тайзнаа хараахан тоглогдож амжаагүй л байна уу?

-Боломж, нөхцөл нь бүрдээгүй л байна. Хувийн уран бүтээлийн тал дээр бодсон санасан зүйл бий. Энэ цомогт багтаагүй, сэдэв агуулга нь өөр төрлийн монгол дуунууд ч бий. Би юуны тулд дуучин болсон билээ. Дуурийн дуучнаас гадна өөрийгөө ард түмэндээ тодорхой хэмжээгээр таниулах цаг нь болжээ. Эргээд харахад хийе гэснээ хийчихсэн баймаар байна.

-Эргээд харахад харамсах зүйлгүй гэж үү?

-Тийм ээ. Би хэн нэгнийг дуурайхаас илүү өөрөөр яаж үзүүлэх вэ, дуулах вэ гэж их хичээдэг. Энэ миний онцлог байх. Мөнгөнцэцэгийн онцлогийг л шингээх гэж зорьдог.
Зарим нууцаасаа задалбал, энэ цомогт орсон хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэгэн сайхан дууг Ардын жүжигчин Б.Жавзандулам эгч дуулж байгаад эдүгээ тэр бүр дуулагдахаа больсон байх жишээтэй. Би энэ дууг дуулах боллоо гэхэд хөгжмийн зохиолчийн гэргий Т.Ганмягмар эгч их баярласан

Нөгөөтэйгүүр хүний дуулсан дуу гэдэг том даваа. Хөгжмийн зохиолч нь тухайн дуучиндаа зориулж зохиогоод, тэр хүн нь амьдруулчихсан нэг дууг бас энэ тоглолтын үеэр надад дамжуулах юм. Их том хариуцлага л даа.  

-Тоглолтын найруулга өвөрмөц л болж байгаа юм байна даа.

-Өөрийнхөө санааг цэгцлээд ингэж л тоглолтоо хийнэ гэсэн төсөөлөл нэлээн дээрээс бий болчихсон байлаа л даа. Түүний зэрэгцээ манай театрын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа эгч миний тоглолтыг найруулж, өөр сонирхолтой шийдэл, нарийн чимхлүүр зүйлсийг бас зэхсэн.

-Та өмнө нь тоглолт хийгээд ашиг олж байв уу?

-Би ашиг олж байгаагүй. Цэвэр сонгодог бүтээлээр тоглолт хийж, тэр том ариг нэг дор олноор нь дуулна гэдэг тухайн уран бүтээлчээс нөр их хөдөлмөр шаарддаг амаргүй даваа. Түүнчлэн энэ урлагийн төрлийн онцлогоос болж, уран бүтээл болон тоглолт өндөр зардалтай байдаг. Аргацаасан хямд төсөр байж болдоггүй онцлогтой.
Мэргэжлийн уран бүтээл найрал хөгжимтэйгээ эвсэж, найрал дуучидтайгаа нэгдэж байж амьтай, илүү сонсголонтой болдог.

Театр бидэнд тайзны өртгийн тал хувийг хөнгөлж өгдөг ч найрал дуу, хөгжим бүгд л үнэлгээтэй. Бас цаг үеэ дагаад LED дэлгэц, хөгжим дуугаралт гээд тоглолтод шаардлагатай зүйлс олон. Ингэхээр зардал их гарна аа. 

-Гэхдээ үзэгчдийн суудал цөөн...

-Театр 500 хүний суудалтай. Санаандаа тултал нь сайхан, чанартай тоглолт хийе гэж л хичээдгээс биш ашиг харж тоглолт хийж байсангүй. Төрөл жанраасаа хамаараад би монголчуудыг тэр аяар нь давалгаалуулдаг дуучин биш л дээ.

 

-Өөрийнхөө нөр их хөдөлмөрийг, хөрөнгө мөнгөтэйгөө хамт зориулчихаад биднийг баясгана гэхээр агуу сэтгэлтэй хүмүүс юм даа.

-Энэ театр дүүрэн агуу сэтгэлтэй хүмүүс бий.

-Уран бүтээлээ мөнгө, ашиг гэж харахгүй байна гэхээр илүү өндөр цэнэтэй юм даа.

-Харин бид ч айхтар баян ч юм шиг хэрнээ авч байгаа цалинг нь сонсвол хүний нүд орой дээрээ л гарахаар улс даа.

-Театрын гоцлоочид дундаас тоглолт хийдэг тоотой хэдхэн хүн бий. Магадгүй таныг нөхөр тань дэмжээд, уран бүтээлийг нь ивээн тэтгэдэг болов уу?

-Өмнө нь ч бүх хариуцлагыг үүрүүлээд тоглолт хийж байсан. Одоо бол нурууг нь авчихгүй юмсан гэж боддог болсон.
Үзэгчид биднийг хүлээж, уран бүтээлээ хий, тоглолтоо хүргэ, чи хааччихав гээд нэхээд байгаа нь намайг хурцалж, унтаа байдлаас нь сэрээж байна шүү дээ. Цөөн ч гэсэн тодорхой хүрээний сонсогчид байна. Тэгэхээр би хийхгүй байж болохгүй юм.

-Тайзан дээрээс та яг юу мэдэрдэг вэ?

-Биедээ массаж хийлгэчихээд, “Яаг энэ чинь байхгүй юү, ямар сайхан юм бэ” гэж дуу алддаг даа. Яг тэрэн шиг л амралт, таашаал, бясалгал болдог доо, ажил минь. Тайзан дээр гараад дуулж байхад бие маань тэр чигээрээ ямар нэгэн хувьсалд орж, дээшээ татагдаад ч байгаа юм шиг, ховсдуулаад ч байх шиг тийм сонин мэдрэмж төрдөг. Оргилж буцалсан тэр сэтгэлээ эргүүлээд үзэгчдэдээ өгдөг. Тайлбарлаж хэлэхэд амаргүй байгаа ч тэр сайхан зүйл эд эс бүхэнд минь шингэж, юугаар ч хэмжих аргагүй баяр баясал, таашаал мэдрүүлдэг дээ.

-Хэрэв та ДБЭТ-ын гадна байсан бол хэн болох байсан бол?

-Би дуурийн дуучин болоогүй бол дуучин мэргэжлээ орхих байсан болов уу.

Бага байхаасаа л өөртөө баймгүй зүйлийг мөрөөддөг байсан болохоор тэр хэмжээндээ хүрэх гэж шаргуу тэмүүлдэг байлаа. Магадгүй ДБЭТ-ын дуучин болохгүй театрын гадна байсан бол би өөртөө муу дүн тавиад өөр ажил хийх байсан. Би театрт ажилладаггүй хүнийг муу дуучин гэж хэлээгүй шүү. Харин би өөртөө тийм л шалгуур тавьдаг болохоор ингэж хэллээ.

-Жүжигчин болох гэж СУИС-т орсон гэж ярьж байсан. Харин дуурийн урлаг таныг хааш нь ч явуулахгүйгээр дурлуулчихжээ дээ.

-Аймгуудад сургуулийн хуваарь ирдэг шүү дээ. Жүжигчин болох гээд яаж ийгээд СУИС-д орно гэж бодож байтал дуурийн дуучны хоёр хуваарь л ирсэн байж билээ. Тэр хуваарьтаа ч бүртгүүлж чадалгүй хоцроод араас нь хотод ирж, СУИС дээр очиж байж арайхийн шалгалтад орж, дуурийн дуулаачийн ангид орсон. Тухайн үедээ ангиа солиулж, жүжигчин болно л гэж боддог байлаа.

Хэсэг хугацааны дараа мэргэжлийн шалгалтаа өгч, хааяа нэг дуурь үзэх болсноор энэ тайзан дээр ч бас би жүжиглэх юм байна. Тэр ч бүү хэл дуулаад жүжиглэх нь гэж олзуурхаад мэргэжилдээ татагдсан даа. Нэг сумаар хоёр туулай буудах гээд л дуурийн дуучин болохоор шийдсэн. (инээв) 

-Дуучин хүнийг хаа явсан газар нь ая дуу өргөх хүсэлт дагадаг байх. Хамгийн түрүүнд аманд аялагддаг ямар дуу байдаг вэ?

-Аав ээжийн тухай дуу их дуулдаг. Тэгэхдээ тухайн нөхцөл байдалд нь тохирсон дуу сонгохыг хичээнэ ээ.

Нутгаасаа хол амьдардаг байхдаа Ардын жүжигчин А.Долгор эгчийн “Зүүдний хайртай нутаг” дууг уйлаад л дуулдаг байлаа. Аав, ээжээсээ хол байж үзээгүй охин гурван жил нутагтаа ирэхгүй байна гэдэг үнэхээр хэцүү байж билээ. Эхний зургаан сар нутгаа их л санасан даа.  Намайг дуулахаар бүгд л дагаад уйлдагсан.

Одоо бол хайртай бүхнийхээ дэргэд байгаа болохоор хэзээ, хаана, юунд зориулж дуулж байгаагаасаа шалтгаалж л дуугаа сонгож байна даа.

Ж.Солонго